Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төслийн удирдагч доктор (Sc.D), профессор Ц.Сарантуяаг хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн хооронд байгуулсан эрх зүйн болон захиргааны салбарт дэмжлэг туслалцаа үзүүлэх хэлэлцээрийн хүрээнд 2019 онд тус сантай хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ХБНГУ-ын Бундестагийн ижил түвшний байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулж мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, ялангуяа Үндсэн хуулийн болон эрүү, захиргааны эрх зүй, процессын суурь асуудлаар түлхүү хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, албан бичгээр саналаа хүргүүлэхээр болов.