Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Британийн парламент дахь Британи-Монголын парламентын бүлгийн урилгаар Лондон хотноо 2018 оны аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 02-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.
Бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Н.Учрал нар багтсан байна.
Монголын парламентын төлөөлөгчдийг Британийн парламент дахь Бүх намын Британи-Монголын парламентын бүлгийн дарга Жон Гроган хүлээн авч, Уэстминстерийн ордонтой танилцуулсны дараа Британийн парламент Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны үйл ажиллагааны талаарх асуулгын цагаараа Британи-Монголын харилцааг хэрхэн үнэлж байгаа тухай асуудлыг анх удаагаа хэлэлцсэн байна. Парламентын гишүүдийнхээ асуултад тус улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны сайд хариулт өгчээ. Тус хэлэлцүүлгээр Монгол Улсын гадаад хамтын ажиллагаа, тэр дундаа өмнөд, хойд хөрштэйгээ болон БНСУ, БНАСАУ-тай харилцах харилцаа хийгээд гадаадын хөрөнгө оруулалтын бодлого парламентын гишүүдийн сонирхлыг ихээхэн татаж байсныг Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээлсэн юм.
Төлөөлөгчид айлчлалын өдрүүдэд Британийн парламентын Төсвийн байнгын хорооны төлөөлөл болон Британийн Засгийн газраас Монгол Улстай харилцах худалдааны элч Жулиан Найттай уулзалт хийсэн байна.
Мөн Лондонгийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцжээ. Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх өргөн боломжийн талаар санал солилцсон энэхүү уулзалтын үеэр Лондонгийн хөрөнгийн биржийн Хөгжиж буй орнуудын хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц хариуцсан захирал Антонелла Амадей Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд хүргэх, Монголын төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн хувьчлалыг амжилттай зохион байгуулахад туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Энэ онд тохиож буй Монгол Улс, Их Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ажлын айлчлал өнөөдөр өндөрлөж байна.