УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлуудаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэл, сүүлийн үед улс төрчид, албан тушаалтнуудтай холбоотой хээл хахууль, албан тушаалтнуудын гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд шуугиан дэгдэж байна. Мөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх шалтгаанаар хаагдаж байгаа тухай прокурорын мэдэгдэл гарсантай холбоотойгоор миний бие ийнхүү хэвлэлийнхэнд хандаж байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй болсон учраас тарах ёстой гэсэн шаардлага, хүсэлтийг хүргүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 22.2-т Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзвэл УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор УИХ өөрөө тарах шийдвэр гаргаж болно гэсэн заалт бий. Ийнхүү тарах шийдвэр гаргасан тохиолдолд шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр тарах үндэслэл болно гэж ойлгож болно. Мөн Ерөнхий сайдыг УИХ 45 хоногийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж томилж чадаагүй бол тарах үндэслэлтэй гэсэн үндсэн заалтууд байгаа юм.
Өнөөдөр АН-ын бүлэг УИХ-ын нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдаанд түр хугацаагаар оролцох боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлж, хурлыг орхин гарсан. Үүнд 2-3 шалтгаан бий. Нэгдүгээрт, УИХ Ерөнхийлөгчийн тавьсан шаардлагыг хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Энэ шаардлагыг биелүүлэхээс нааш УИХ дахь АН-ын бүлэг нэгдсэн чуулганы хуралдаанд сууж, бүх зүйл хэвийн байгаа мэт дүр эсгэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байна. Хоёрдугаарт, авилга, албан тушаалын гэмт хэргийг яаралтай шийдэж, УИХ-ын гишүүд асуудалд холбогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо яаралтай хуралдаж, дүгнэлт гаргах ёстой.
Гуравдугаарт, УИХ 2019 оны улсын төсвийг их хэмжээний алдагдалтай баталж, эдийн засгийг сүйрүүлэх гэж байна хэмээн Ерөнхийлөгч шүүмжлэлтэй хандаж байгаа. Иймд УИХ өөрөө санаачилж, төсвийн хуулиар нээлттэй сонсгол хийх ёстой гэдэг шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлэв.
Мөн С.Зориг агсны хэргийг шийвэрлэж, захиалагчийг олно гэж сонгогдсон эрх баригч нам төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой олон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нэрийдлээр хааж байгаа. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацааг хуулиар сунгах боломжтой шүү” хэмээлээ.