Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хуралдааны эхэнд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
Төсөлд “11.8 Дунд үйлдвэр эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкнаас авсан зээлийн жилийнх хүүгийнх нь 5.0 хүртэл хувийг Сангаас олгож болно” гэж, “11.9 Сангаас зээл, зээлийн хүүгийн татаас олгоход 11.9.1.Сангийн тухайн жилийн санхүүжилтийн 80-аас доошгүй хувийг үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгоно, 11.9.2.зээлийн хүүгийн татаасын зориулалтаар олгох хөрөнгийн нийт хэмжээ нь Сангийн тухайн жилийн улсын төсвийн санхүүжилтийн 20 хувиас хэтрэхгүй байна” гэж хязгаарлалтыг баримтлана гэсэн хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Түүнчлэн төсөлд “11.10 Энэ хуулийн 11.8-д заасны дагуу Сангаас зээлийн хүүгийн татаас олгох журмыг жижиг, дунд үйлдвэрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж, “11.14 Сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулахад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1, 111.2-т заасныг хэрэгжүүлсэн эсэхийг харгалзан үзнэ” гэж, мөн “11.11 дэх хэсгийн “болон хөнгөлөлттэй зээл олгосон шийдвэрийг үндэслэлийн” хамт гэснийг “шийдвэрийг” гэж, “цахим хуудсаар дамжуулан” гэснийг “цахим хуудас болон өдөр тутмын хэвлэлээр “ гэж өөрчлөх, “15.1.4. аж үйлдвэрийн парк байгуулах, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн оролцоог нэмэгдүүлэх” гэж, “17.1.5. хүний нөөцийг сургах, чадавхжуулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх, олон улсын зах зээлд нэвтрэх болон бусад чиглэлээр сургалт зохион байгуулах” гэсэн заалт тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Харин Байнгын хорооны дэмжээгүй саналуудыг УИХ-ын хуралдаанд оролцсон гишүүд дэмжээгүй тул зарчмын зөрүүтэй хоёр санал боссон. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төслийн “5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг бүхэлд нь, 11 дүгээр зүйлийн 11.6.1 дэх заалт, 11.7 дахь хэсгийн “бичил” гэснийг тус тус хассугай” гэж, төслийн “11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсгийн “банкаар дамжуулж олгоно.” гэсний дараа “Банкийг тендер сонгон шалгаруулалтаар сонгоно. Банканд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг байршуулах, зээл олгох журмыг Засгийн газар батална” гэж нэмэх санал оруулсныг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Энэ үеэр УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ажлын хэсэг дахин нягтлан үзэж, хуулийг хийдэлгүй гаргах шаардлагатай гэж үзэн тав хоногийн завсарлага авлаа.