Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжуныг хүлээн авч уулзав.
“Хоёр талын хүчин чармайлтын үр дүнд Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд, бүхий л салбарт шинэ агуулгаар өргөжин хөгжиж байна. Хамтын ажиллагаа цаашид гүнзгийрэхэд Таны Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээн УИХ-ын дарга М.Энхболд үгийнхээ эхэнд онцоллоо.
Тэрбээр БНХАУ-тай хамтын ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн гэдгийг тэмдэглээд, Монгол Улсын Их Хурал энэхүү харилцааг идэвхжүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв.
Түүнчлэн Монгол Улс “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталдаг бөгөөд цаашид ч үргэлжлэх болно гэдгийг онцоллоо.
-Тяньжин хот бол Монгол Улсад хамгийн ойр далайн гарц, манай гадаад эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой боомт юм. Миний бие 1999 онд Улаанбаатар хотын даргын хувиар Тяньжин хотод зочилж, Улаанбаатар-Тяньжин хотыг найрамдалт харилцаатай хот болгох баримт бичигт гарын үсэг зурж байлаа. Мөн 2008 онд Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын тэргүүний хувьд Тяньжиний Дунжян дүүрэгт Улаанбаатар хотын Төлөөлөгчийн газрыг байгуулах ёслолд оролцож байснаа санаж байна. Энэхүү Төлөөлөгчийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй ажиллуулах талаар анхаарах зүйл бий. Таны айлчлалын үеэр энэ асуудлыг хөндөж ярьж байгаад баяртай байна гэж УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.
Түүнчлэн БНХАУ-ын дарга Си Зиньпиний дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Монгол-ОХУ-БНХАУ-ын “Эдийн засгийн коридор” байгуулах зорилтод тусгагдсан төслүүдийг бодит ажил хэрэг болгох нь чухал юм. Энэ чиглэлээр манай парламентаас холбогдох шийдвэрийг гаргаж ажиллахад бэлэн байна хэмээн тэмдэглээд, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны талаар хөндөж ярив.