УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнгийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, түүх соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглээд хатагтай Элчин сайдад БНСВУ тунхагласны 73 жилийн ойн баярын мэнд хүргэлээ. Тэрбээр “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод даруй 60 гаруй жил болж байна.
Манай хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо бэхжиж, энэ оны эхээр УИХ-ын дарга М.Энхболд БНСВУ-д албан ёсны айлчлал хийсэн нь Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Хоёр орны парламент дахь найрамдлын бүлэг, байнгын хороод болон Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгаад сэтгэл хангалуун байна.
Цаашид бид эдийн засаг, худалдааны урсгалыг хоёр талтай болгож, экспорт, импортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, орон нутгийн харилцааг дэмжих, түүх, соёл, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар анхаарч ажиллах шаардлагатай байна” хэмээлээ.
БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Вьетнам улсад тохиолдсон дайны хүнд жилүүдэд Монголын төр, засаг, ард иргэдийн зүгээс тус улсад тал бүрийн тусламж, дэмжлэг үзүүлж байсныг одоо хүртэл вьетнамчууд санан дурсдаг гэв.