УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2018 оны зургаадугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамтөргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.
Төслийн хэлэлцүүлгийг бүх талын оролцоотойгоор хэд хэдэн удаа зохион байгуулсан талаар тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцоллоо. Валютын зохицуулалтын тухай хууль нь 1994 оны тавдугаар сарын 12-ны өдөр УИХ-аар батлагдсанаас хойш 24 жилийн хугацаанд 19 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд Хууль зүйн яамнаас Валютын зохицуулалтын тухай хуульд 2009 онд шинжилгээ хийн давхардал 3, зөрчил 18, хийдэл 30 гарч байна уг хуулийг нэн даруй шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж байсан боловч одоог хүртэл шинэчлэгдээгүй байна. Үүний зэрэгцээ гадаад секторын статистикийн мэдээг боловсруулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төгрөгөөр гүйлгээ хийх зохицуулалт бүхий хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төгрөгийн ханшийг сулрахад нөлөөлж буй хүчин зүйлийг хязгаарлаж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэн төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг хамгаалах, банк, санхүүгийн системийн чадавхийг сайжруулах үүднээс зохицуулалтыг тодорхой болгох, хариуцлагыг нэмэгдүүлэх заалтыг Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах шаардлага бийг мөн онцоллоо. Түүнчлэн банкнаас гадуурх валютын захын үйл ажиллагааны зохицуулалтын эрх зүйн орчинг тодорхой болгох шаардлагатай байгааг төсөл санаачлагч дурдав.
Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ валютын нөөцөө 1 жилийн импортын хэрэгцээгээ хангах хэмжээнд хүргэх амлалт авсан. Одоогоор 6 сарын импортын хэрэгцээг хангахуйц нөөцтэй байгаа бөгөөд дээрх үүргээ биелүүлэх шаардлага бий. Иймд дээрх хуулийг шинэчлэн өөрчилж, валютын зах зээлийг тогтвортой болгох шаардлага бий. Банкнаас гадуурх валютын захын үйл ажиллагааг хяналттай болгож, тэдгээрийн гадаад бэлэн валютын арилжааны мэдээг валютын захын тайлан, мэдээнд тусгадаг болгож, валютын захын энэ хэсгийг мэдээлэх, тайлагнах тогтолцоонд нэн даруй хамруулах шаардлагатай байна. Ингэснээр гадаад валютын дотоодын захад оролцогчид шийдвэр гаргахад хэрэглэгдэх мэдээллийн урсгалыг чанаржуулж, гадаад валютын дотоодын захын талаарх мэдээллийн нэгдсэн систем байгуулах, валютын нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч үзжээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хийсэн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодрууллаа. Тухайлбал, хуулийн төслөөр валютын зах зээл дэх шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг бүрэн шийдэх боломж бий эсэхийг Д.Тэрбишдагва гишүүн асууж, хариулт авлаа. Мөн тэрбээр гадаадын томоохон хөрөнгө оруулагчид дотоодын банкны системээр санхүүгийн гүйлгээгээ явуулах асуудлыг хуульчлан тусгасан эсэхийг лавлахын зэрэгцээ томоохон хөрөнгө оруулагчдын санхүүгийн гүйлгээг Монголбанкаар дамжуулах асуудал нь зохисгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Үүний оронд арилжааны банкуудаа чадавхжуулан, томоохон хөрөнгө оруулагчдын санхүүгийн гүйлгээг найдвартай гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй гэв. Монгол Улсын валютын бодлогын хувьд либераль, ханшийн хувьд чөлөөтэй байх эрх зүйн зохицуулалттайгаар өнөөдрийг хүрсэн бөгөөд одоо мөрдөгдөж буй хуулийг өөрчлөх шаардлагатай гэдгийг З.Нарантуяа гишүүн хэлэв. Төсөлд дэх валютын ханш болон онцгой нөхцөлд хөрөнгийн дотогшлох болон гадагшлах урсгалыг зохицуулах зохицуулалтын талаар тэрбээр тодруулав. Манай улсын хувьд эрэлт, нийлүүлэлтээсээ үүдэн валютын ханш тогтох зохицуулалттай хэдий ч огцом савалгаатай үед Төв банкнаас оролцох асуудлыг төсөлд тусгасан болохыг Монголбанкны зүгээс тайлбарлав. Монгол Улсад нэвтрүүлэх болон гадагш авч гарах бэлэн валютын хэмжээний хязгаарлалт холбогдох эрх зүйн баримт бичгийн хүрээнд зохицуулагдаж байдаг. Төсөлд шинээр тусгагдсан зүйл нь макро зохистой бодлогын хүрээнд эдийн засагт орох, гарах огцом урсгал үүсэх юм бол олон улсад байдаг жишгийн дагуу тодорхой хязгаар тогтоох бололцоог нээж байгаа гэв.
Мөн Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монголбанкинд валютын нөөц хангалттай байгаа. Тиймээс цаашид ханшийн савлагаа үүсгэхгүй хэмээн тооцоолсон” гэлээ.
Хуулийн төсөл батлагдсанаар валютын эдийн засгийн харилцааг оновчтой зохицуулж өгснөөр зах зээлд оролцогчдын үйл хөдлөл оновчтой байх, зах зээлийн механизм үр ашигтай ажиллах, эдийн засаг дахь төрийн оролцоо зохистой байх боломжийг бүрдүүлнэ гэдгийг төсөл санаачлагч гишүүн М.Оюунчимэг тайлбарлалаа. Мөн хөрөнгийн чөлөөт урсгал, зохицуулалттай хөвөгч ханшийн дэглэмийн талаарх заалтуудыг хуульд тодорхой тусгаснаар макро эдийн засгийн бодлогын сонголтыг тодорхой болгож, төрийн мөнгөний бодлогын бие даасан байдлыг дээшлүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдалд дэмжлэг болно гэж үзжээ. Гадаад секторын статистик, валютын дотоодын захын ханш, валютын арилжааны мэдээний хамрах хүрээ, чанар, давтамжийг сайжруулах боломжтой болно. Энэхүү мэдээллийн урсгал сайжирснаар макро эдийн засгийн бодлого боловсруулагч, зах зээлд оролцогчдын үйл хөдлөл оновчтой байх, улмаар зах зээл үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзжээ. Хөрөнгийн дотогшлох болон гадагшлах ихээхэн хэмжээний урсгал, онцгой байдал үүссэн нөхцөлийн зохицуулалтын арга хэмжээ авах боломжийг хуульд тусгаж өгснөөр макро эдийн засгийн гадаад болон дотоод тэнцлийн тогтворгүй байдал үүсэх, улмаар эдийн засгийн хямралд орохоос урьдчилан сэргийлэх боломжтой болох аж.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын санхүүгийн гүйлгээг дотоодын банкаар хийх, шаардлагатай бол Төв банкнаас оролцох асуудлыг зохицуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ. Гишүүдийн гаргасан саналыг Ажлын хэсэг хэлэлцэн, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа тусгах боломжтой гэдгийг Монголбанкны зүгээс хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Ундармаа, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр нар төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн.
Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжив. Мөн дээрх төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо.