Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төсөлд малчид болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоох харилцааг тодорхой болгож, нийгмийн даатгалын байгууллага хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлэх, даатгуулагчид тэтгэвэр тогтоолгох үйл ажиллагааг чирэгдэлгүй, шуурхай болгох зохицуулалтыг тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд орон нутагт малчнаар ажиллаж байсан иргэд тэтгэврээ тогтоолгоход хүндрэл үүсээд буй зарим асуудлыг хөндөж байлаа. Тухайлбал, 1990 оноос хойшхи малчнаар ажиллаж байсныг нотлох архивын баримт орон нутаг, ялангуяа сумдад бараг байхгүйгээс иргэд тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байгаа аж. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа талаар гишүүд лавлаж байлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон тус яамны ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, малчдын тэтгэвэр тогтоолгохтой холбоотойгоор малчнаар ажилласан жилийг тогтоох асуудалд хүндрэл гарсан учир Засгийн газраас уг асуудлыг шийдвэрлэх журам гаргаж, сумдын Засаг даргын Тамгын газрын дэргэд малчнаар ажиллах жилийг тодорхойлох орон тооны бус зөвлөлийг ажиллуулж буй аж. Түүнчлэн иргэдийг аймгийн архиваас лавлагаа авчруулах зэргээр хүндрэл үүсгэхгүйн тулд сумын иргэдийн архивын бичиг баримтыг аймгийн архиваас багцаар нь авч ашиглах зэргээр шийдвэрлэснээр малчнаар ажиллаж байсан 5500 гаруй иргэн тэтгэврээр тогтоолгоод буй аж.
Мөн хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажилласан хэчнээн даатгуулагч тэтгэврээ тогтоолгоод байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тодруулсан.
Өнөөгийн байдлаар нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 27.9 мянга гаруй иргэн тэтгэвэр авч байгаа бөгөөд энэ онд 890 хүн тэтгэвэр тогтоолгосон хэмээн сайд С.Чинзориг мэдээлсэн.
Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.