УИХ дахь Монгол Ардын намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Монгол Улсын 2019 оны төсөв, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт, гишүүд тойрогтоо ажилласан тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Бүлгийн хуралдааны эхэнд Монгол Улсын 2019 оны төсвийн асуудлыг хэлэлцэн, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулахаар тогтлоо. Үүний дараа Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцээд, “УИХ-аас гаргасан шийдвэрийг Үндсэн хууль зөрчөөгүй учир Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй боломжгүй” гэж МАН-ын бүлгийн гишүүд үзлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагааны үеэр тойрогтоо ажиллаж, иргэдийнхээ санал, сэтгэгдлийг сонссон. Иймд төсөв батлахаас өмнө гишүүдийн тойрогтоо ажилласан мэдээлэлтэй танилцаж, ард иргэдийн санал хүсэлтийг сонсож, нухацтай хэлэлцэх шаардлагатай байна гэж үзсэн байна.
Бүлгийн хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнийг салбартаа сайн ажилласныг онцолж, улс төрийн хариуцлага хүлээж, чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул энэ долоо хоногт чөлөөлж, оронд нь шинэ сайдын томилгоог хийнэ гэдэг мэдээлэл өглөө.
Мэдээллийн дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-Таныг “Зам тээврийн хөгжлийн сайд болно” гэсэн яриа гараад байна. Энэ үнэн үү. Ер нь дараагийн сайдыг УИХ-ын гаднаас томилох уу эсвэл дотроос байх уу?
-Чуулган завсарласан үед “Намайг Зам тээвэр, хөгжлийн сайд болно” гэсэн яриа гарсан байна лээ. Би Зам тээврийн хөгжлийн сайд болохгүй. Тийм зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Зам тээврийн хөгжлийн сайд улс төрийн хариуцлага хүлээх хүсэлтээ өгсөн. Нэгэнт улстөрч хүн улс төрийн хариуцлагаа хүлээх хүсэлтэй байвал бид ёсоор болгох ёстой. Энэ бол цэвэр улс төрийн хариуцлагын асуудал гэж ойлгож байгаа.
-МАН системийн хямралын гол буруутан гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?
-Системийн хямралын гол буруутанг хайх гэж байгаа бол 27 жилийн түүхийг дахиж судлах шаардлагатай болов уу. Мэдээж Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой засч залруулах асуудал бий. Гэхдээ бүх алдааг ганцхан системийн хямралд тохож болохгүй. Цаашдаа улстөрчид, улс төрийн нам аливаа асуудалд алсаа харж, бодлоготой зөв шийдвэр гаргах уу, богино зайн улс төрөө харж гал унтраах байдлаар хандах уу. Энэ сонголтын өмнө урт хугацаандаа бодлоготой шийдвэр гаргахыг сонговол Монголын нийгэмд болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй. Гол алдаа улс төрийн системдээ биш хүндээ байгаа гэж харж байна.
-Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудад зарчмын ямар гол өөрчлөлт орж байгаа вэ?
-Сонгуулийн тогтолцооны хувьд Үндсэн хуульд захирагдана. Үндсэн хуулиар мажоритар тогтолцоотой байхаар заасан. Харин мажоритар тогтолцоо нь томсгосон байх уу, жижиг байх уу гэдэг асуудал бий. Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа гэхэд 2024 оноос мөрдөж эхэлнэ. Нийгэмд хамгийн их улс төр, бухимдал дагуулж байгаа нь улс төрийн намын санхүүжилт. Сонгуулийг хэрхэн зардал багатай хийх вэ гэдэг гарцыг хайж байна. УИХ-аас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан.
-Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой шүүхийн шийдвэрт бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Шүүхийн шийдвэрт МАН-ын бүлэг ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй. Монгол Улс хараат бус шүүхийн тогтолцоотой, ямар шүүхийн шийдвэр гаргана түүнийг биелүүлэх үүрэгтэй. Шийдвэр зөв, буруу эсэх нийгэмд гаргаж байгаа иргэдийн хандлагыг анхаарч байгаа.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яг ямар шатанд явна вэ?
-Үндсэн хуулийг өөрчлөх тухай асуудлаар тодорхой саналууд бэлтгэгдсэн. Хэлэлцүүлгийн шатанд бэлэн болсон гэж үзэж байгаа. Эргэж нягтлах асуудлаа нэгтэж, холбогдох албан тушаалтан, институци саналаа авч хугацаагаа товлох байх. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцвэл нэг сарын хугацаанд өөр асуудал хэлэлцдэггүй дэгтэй. Улс төрийн зөвшилцлөөр хэлэлцэж байж шийдэгдэх асуудал гэж бодож байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газар, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа. Одоогийн мөрдөж байгаа Үндсэн хуулиар Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг зааж өгсөн. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээр 40 гаруй хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Үндсэн хуулийг номоор нь явуулъя гэвэл нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийг дахиж харж үзэх хэрэгтэй. Аливаа асуудлыг шийдэхдээ улсын эрх ашгийн үүднээс авч үзэх хэрэгтэй. Хувь хүнийхээ хувьд сонгодог парламентын тогтолцоо, дээр нь Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж боддог. Хүн ам багатай манайх шиг оронд Ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй.