Мэргэжлийн сүмогийн намрын башёд нэг ч уналгүй түрүүлж, хэд хэдэн түүхэн дээд амжилт тогтоосон ёкозүна Хакүхо Мөнхбатын Даваажаргалыг эх орондоо ирсэнтэй нь холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.
Тэрбээр энэ намрын тэмцээнд 41 дэх удаагаа түрүүлж, 1000 давааны босгыг давж, ёкозүна цолтойгоор 800 даваа авч, 13 жил дараалан дор хаяж нэг башёд түрүүлсэн гээд мэргэжлийн сүмогийн шинэ 4 дээд амжилтын эзэн болсон билээ.
УИХ-ын дарга М.Энхболд:
-Монгол түмний хайр хүндлэлийн хойморт заларсан, аугаа их аварга аав тань бурхны оронд залраад удаагүй байгаа болохоор барилдахад амаргүй байсан байх. Гэхдээ сүмогийн түүхэн дээд амжилтуудыг тогтоож, нэг ч уналгүй түрүүлсэнд баяр хүргэе. Таны энэ гайхам амжилтыг монголчууд төдийгүй дэлхий дахины сүмо сонирхогч хүн бүхэн бахархан биширч байна. Хорь шахам жилийн хичээл зүтгэлийн үрээр мэргэжлийн сүмогийн ноён оргилд гарч, монгол хүний авьяас чадварыг гайхуулан, Монгол эх орноо дэлхий ертөнцөд сурталчилж буй Монголын хүү, нутгийн дүү Танд улам их амжилт, сайн сайхныг ерөөе гээд дурсгалын зүйл гардууллаа.
Их аварга Мөнхбатын Даваажаргал:
-Аав маань тэнгэрт дэвшсэн болохоор барилдахад амар байгаагүй ээ. Гэхдээ хичээж зүтгэсний үр дүнд сайхан амжилт үзүүлсэндээ баяртай байна. Эх орондоо ирэхсэн гэж их яарсан. Аавынхаа үүсгэн байгуулсан “Их шавь” биеийн тамирын дээд сургуулийн “Их шавь” цогцолборын нээлтэд оролцоод буцна.
Монголын Үндэсний Олимпийн Хорооноос намайг “Токио-2020” олимпийн наадамд оролцох Монголын багийн Элч төлөөлөгч (Olympic Ambassador)-өөр томилсон юм. Энэ чиглэлээр Японд хийх ажил их байгаа гэв. Тэрбээр Монголын олимпийн багийн Элчийн хувьд тусгайлан захиалж хийлгэсэн, кимоногийн даавууныхаа дээжийг УИХ-ын дарга М.Энхболдод дурсгалаа.
УИХ-ын дарга М.Энхболд Монголд мэргэжлийн сүмогийн холбоо байгуулах ажилд оролцож, түрүү бөхөд гардуулдаг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг 2003 онд санаачилж, бүтээлгэж байснаа дурсав.
Хакүхо М.Даваажаргал тэр үед дөнгөж дээд зиндаанд дэвшсэн, энэ цомыг хэзээ нэгэн цагт авна даа гэж бодож байснаа сонирхуулав.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аваргын анхны медаль, Олимпийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан домогт бөх, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд аваргын төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант суманд болох юм байна. Уг тэмцээнийг жил бүр “Хакүхо сан”-гаас ивээн тэтгэж, зохион байгуулдаг билээ.