Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.
Тус Байнгын хороо чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно.” гэж заасны дагуу эдгээр хуулийн төслийг боловсруулж, хуралдаанаараа хэлэлцэж дэмжжээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд дэмжигдсэнтэй холбогдуулан 2015 онд баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн заалтуудыг эшлэсэн Банкны тухай болон Улс төрийн намын тухай хуулиудын холбогдох заалтад тусгасан эшлэлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөх, мөн 2015 онд баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг зохицуулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан байна. Иймээс Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн. Ингээд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8-80 хувийн саналаар дээрх хуулийн төслүүдийг бүхэлд нь батлав.