УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Татварын ерөнхий хуульд туссан татвар төлөгчийн эрх, үүрэг нь татварын албаны эрх, үүрэгтэй харилцан урвуу хамааралтай байх ёстой боловч өнөөгийн мөрдөгдөж байгаа татварын хууль тогтоомжид татвар төлөгч, татварын албаны хоорондын эрх үүргийн тэнцвэр алдагдаад байгаа талаар танилцуулгад дурдав. Тиймээс дээрх эрх, үүргийн тэнцвэрийг хангах зорилгоор холбогдох зохицуулалтыг бүхэлд нь шинэчлэх, тус хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай шинэ харилцааг хуульчлах шаардлага үүссэн байна. Түүнчлэн татварын хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгож, хуулийн давхардсан зохицуулалтыг шинэ зохицуулалтуудыг төсөлд тусгажээ. Тухайлбал, одоогийн үйлчилж буй хуулиар татвар төлөгч татварын тайлангаа засварлах боломжгүй байдаг. Энэ талаарх бусад улсын туршлагад тулгуурлан татвар төлөгч нь татварын тайлангийн алдаагаа засах боломжийг олгох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн татварын давуу эрхийн зарчмыг шинээр нэвтрүүлэх, татварын зорилгоор бусад улстай мэдээлэл солилцдог болох, эрсдэлтэй татварыг урьдчилан хураах, татвар төлөгч татварын өрөө төлөлгүй хөрөнгөө бусдад шилжүүлэх бол уг этгээдээс татварын өрийг төлүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх явдлын эсрэг авах арга хэмжээг шинээр хуульчлахаар тусгажээ. Мөн одоо үйлчилж байгаа боловч зарчмын хувьд өөрчлөх шаардлагатай зохицуулалтуудыг шинэчилсэн найруулгын төсөлд багтаажээ. Үүнд, татварын тайлангийн алдааг урьдчилан илрүүлж, татвар төлөгчид туслах үйл ажиллагааг нарийвчлан журамлах, үнэ шилжилтийн зарчмыг олон улсын стандартад нийцүүлж хуульчлах, татварын албаны хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлд үндэслэн хийх, татварын өр төлөх хугацааны хөнгөлөлтийг сунгах, татварын албаны өр хураах ажиллагааны гүйцэтгэлийн эрх мэдлийг өөрчлөх зэрэг зохицуулалтууд тусчээ. Дээрх төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт өглөө. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир төслийн үзэл баримтлалыг дэмжиж буйгаа илэрхийлээд боловсруулах үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын явцад тоног төхөөрөмжийн НӨАТ, гаалийн албан татварын зохицуулалтын талаар тодруулан асуулаа. Аж ахуйн нэгжийн албан татварын голлон төлдөг 398 байгууллага байдгийг Сангийн сайд онцлоод үндэсний аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжин, татварын суурийг өргөтгөх зорилгоор эрх зүйн орчныг сайжруулахаар төслийг боловсруулсан гэдгээ Ч.Хүрэлбаатар сайд хэлсэн. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн зохицуулалт олон хөрөнгө оруулагчдад эерэг сэтгэгдэл төрүүлдэг ч татварын хууль дээр үүнийг давхар зохицуулаагүйгээс ихээхэн бэрхшээл учирч, олон хөрөнгө оруулагчдад татварын бэрхшээл, маргаан үүсгэдэг байсныг өөрчлөн хуулиудын уялдааг хангах, нийцүүлэх ажлыг төсөлд тусгасан гэдгийг тайлбарлав. Түүнчлэн томоохон аж ахуйн нэгж, үйлдвэр үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий зохицуулалтууд ч туссан байгааг тайлбарласан. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүдийн алдагдал шилжүүлэх хугацаа хоёр жил байсныг салбар харгалзахгүйгээр таван жил болгосон. Үл хөдлөх хөрөнгө болон барилга байгууламжийн элгэдэл, хоргодол тооцох хугацаа 40 жил байдаг, олон улсын туршлага, жишигт 20 жил байгаад байдгийг харгалзан төсөлд 25 жил болгосон нь үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд чухал ач холбогдолтой гэж харж байгаагаа тэрбээр тайлбарласан. УИХ-ын гишүүн Н.Тэмүүлэн төслөөр татварын эрх зүйнд эрс, түүхэн өөрчлөлт хийгдэхээр байгааг хэлж байв. Ч.Хүрэлбаатар сайд хэлэхдээ, төслийг боловсруулах ажил багагүй хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд бүх аймагт төслүүдийн хэлэлцүүлэг явуулсан гэдгийг хэлсэн. Мөн бизнес эрхлэгчид, судлаачид, мэргэшсэн байгууллагууд, ТББ-ууд зэрэг талуудыг оролцоог бүрэн ханган, өргөн хүрээний хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулсан гэлээ. Төсөлд татваруудын нэр, төрлийг дурдаагүй талаар тайлбарлахдаа “Одоогоор улсын төсөвт ногдуулж авдаг 17 төрлийн татвар, орон нутгийн төсөвт ногдуулж авдаг 18 төрлийн татвар байдаг. Энэ бүгд Төсвийн тухай хуульд тусгасан байдаг. Татварын тухай хуульд үүнийг тусгахаар технологи дэвшиж, өдөр бүр өөрчлөлт, шинэчлэлт болж байгаагийн хэрээр бид хуулиа өөрчлөх болдог. Ингээд татварын эрх зүйн орчин тогтворгүй орны тоонд орох, үүнтэй улбаатай эрсдлүүд үүсэх гээд байдаг тул үүнээс сэргийлж, төсөлд ийм байдлаар тусгасан” гэлээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд ийнхүү тодруулга хийж, үг хэлэн, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 50.8 хувь нь төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Иймд Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхдээ шаардлагатай бол бусад Байнгын хороогоор хэлэлцүүлэх чиглэлийг хуралдаан даргалагчаас өгөөд Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.