Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.06.12/ 09 цаг 44 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааны эхэнд Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, хяналт тавих, санал дүгнэлт боловсруулан Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн тайланг сонслоо.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв. Тэрээр тус Өргөдлийн байнгын хорооны 2018.02.06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг нь тус Байнгын хорооны 01 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг эргэн харах, иргэдийн хүсэлт хүлээн авах, бүртгэх, гэрээ байгуулах зэргийг нэг цонхны үйлчилгээний зарчимд шилжүүлэх, орон сууц хүлээлцэх, түрээсийн гэрээ, орлого, түүнийг захиран зарцуулж байгаа байдал, ахмадын болон түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэд тухайн байрандаа амьдарч байгаа эсэхийг 2018.04.18-аас 2018.05.10-ны хооронд нийт 4 удаа хуралдаж, мөн газар дээр нь очиж танилцсан болно. "Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 2015-2021 оны хугацаанд 20мянган өрхийг түрээсийн орон сууцанд хамруулна гэж заасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх асуудлыг Засгийн газрын 2016 оны 38, 169, 298 дугаар тогтоолуудаар тус тус шийдвэрлэсэн байна. “ТОСК” ТӨҮГ-ын захирлын 2017 оны А/45 дугаар тушаалаар “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг баталжээ. Уг журмын хүрээнд улсын хэмжээнд 1512 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах ажлыг бие даан зохион байгуулсан байна.
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 81 дүгээр тогтоолд ТОСК” ТӨҮГ-ын балансад бүртгэлтэй дуусаагүй 1562 орон сууцыг Хөгжлийн банканд шилжүүлэх, уг барилгыг барьж дуусгахад шаардагдах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, 2018 оны 10 дугаар сард барьж, ашиглалтад оруулах, улмаар төрийн өмчийн түрээсийн санд шилжүүлэх ажлыг зохион байгуулах тухай заасан байна.
Уг журмын хүрээнд улсын хэмжээнд 1512 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах ажлыг бие даан зохион байгуулсан байна гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав түрээсийн орон сууц зорилтот бус зорилготой иргэдэд хүрч буй талаар шүүмжлэхийн сацуу журам нь иргэддээ хүрсэн эсэх талаар тодруулж, мөн нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлэв.
Ажлын хэсгээс өгсөн тайлбарт, ТОСК-ийн үйл ажиллагаа журмаар зохицуулагдах нь дутагдмал хэдий ч журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн УИХ-ын гишүүний байр суурьтай санал нэг байв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг түрээсийн орон сууцтай холбоотой асуудал нь холбогдох яам, ТОСК-той мөн Монголбанк, Сангийн яамтай нэгдмэл үйл ажиллагаатай байх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан орон сууцтай холбогдсон хуулийг 2018 онд багтаан батлах нь зүйтэй гэсэн санал хэлж, Байнгын хорооны гишүүдээс гэр хорооллын дахин төлөвлөлт, дахин барилгажуулалт, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгын засвар, үйлчилгээ, орон сууцтай холбоотой бусад асуудлыг цогцоор шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналын дагуу Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар батлав.
Уг төсөлд, “Буян-Ухаа 2” хорооллын 2018 оны 10 дугаар сард ашиглалтад орох 972 айлын орон сууцны ус зайлуулах хоолой, автомашины зогсоол, граж, гэрэлтүүлэг, камержуулалт, СӨХ, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, нэг цэгийн үйлчилгээ зэргийг цогцоор шийдвэрлэхийг “ТОСК” ТӨҮГ-ын /Ж.Хичээнгүй/-д, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн өмчлөлийн түрээсийн орон сууцгүй аймгууд болох Баян-Өлгий, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Өмнөговь, Дундговь, Төв, Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр аймгуудад тус бүр 60 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулах хөрөнгийн эх үүсвэрийг 2019 оны улсын төсөвт суулгах ажлыг судалж, шийдвэрлэхийг Барилга, хот байгуулалтын сайд /Х.Баделхан/-д, Сангийн сайд /Ч.Хүрэлбаатар/-д зэрэг 15 заалт тусгасан байна.