УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Төслийн нэг дэх заалтад өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгох тухай, хоёр дахь заалтад хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохтой холбогдуулан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах асуудлын талаар тусгажээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.
Харин 2018 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийж олгох, 2019 оноос эхлэн жил бүрийн төсөвт тусгаж байхаар тусгажээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгох тохиолдолд 228 мянга орчим хүүхэд нэмэгдэж, амьжиргааны түвшний дундаж хэрэглээтэй бүлгийн бүх хүүхэд хамрагдах боломжтой болж байгаа юм.