Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрулийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа уул уурхайн салбарт түлхүү хөгжиж байна. Монголчууд бид Канадын шинэ техник, технологийн шилдэг ололтыг ашиглах, түүнээс суралцах чин эрмэлзэлтэй байдаг. Канадаас Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2017 оны байдлаар 4.8 тэрбум ам.долларт хүрч, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ манай түншүүдийн дунд 2-рт бичигдэж байна гэж онцоллоо.
УИХ-ын дарга М.Энхболд парламент хоорондын харилцаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, хууль тогтоох байгууллагуудын харилцаа сайн байх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа үр дүнд хүрэх үндсэн нөхцөл болдог онцлогтой. Тиймээс хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өөрчлөн сайжруулах асуудалд онцгой анхаарал тавих болно гэв.
Ноён Элчин сайд Д.Спрул хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлж, “Энэ онд дипломат харилцааны 45 жилийн ойгоос гадна Монгол Улсад Канад Улс Элчин сайдын яамаа нээсний 10 жил тохиож байна” гээд, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэв.
Тэрбээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хуулийн дагуу тэдний эрх ашгийг хамгаалах, бэрхшээлийг хөнгөвчлөх, ойлголцон зөвшилцөх талаар парламентын тэргүүний хувьд анхаарлаа хандуулж ажиллахыг хүслээ.
Ноён Элчин сайд Д.Спрул “Бид танай сайхан орны хөрш төдийгүй найдвартай, итгэлт түнш байхыг хүсэж байна” хэмээн уулзалтын төгсгөлд онцоллоо.