УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулга нарыг тус тус томилохоор зөвшилцөхөөр хүргүүлжээ. Тус саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэн дэмжсэн юм.
Хоёр орны худалдааны төлөөлөгчийн газруудыг нээх, эрчимтэй ажиллуулах, мөн монголын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг сурталчилж, энэ чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сурталчлах, Япон Улстай агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх талаар ажил хэрэгч яриа, хэлэлцээ өрнүүлэх, мэргэжилтэй, хариуцлагатай залуу боловсон хүчнийг суугаа орондоо бэлтгэх чиглэлд анхаарч дэмжин ажиллах, хөгжлийн тулгуур болох иж бүрэн судалгааг хийх шаардлагатай зэрэг саналыг чуулганы үеэр гишүүд хэллээ.
Ингээд байнгын хорооны саналаар Элчин сайд нарыг эгүүлэн татах санал хураалт явуулахад Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 78.7 хувь нь дэмжлээ. Дараа нь Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг томилохыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.1, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргалыг томилохыг 90.2, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболдыг томилохыг 90.3, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг томилохыг 83.6 хувийн саналаар тус тус дэмжив. Иймд энэ тухай УИХ-ын тогтоолыг батлагдсанд тооцож, саналын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.
Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд “Хуралдааны явцад гишүүдээс тодорхой саналууд гарсныг дор бүрнээ анхаарч ажиллана гэж найдаж байна. Та бүхэн тухайн оронд сурч, хөдөлмөрлөж, ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийг анхаарч ажиллах, тэр дундаа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тухайн оронтой гэрээ, хэлэлцээр байгуулах асуудлыг шийдвэрлэх нь гадаадад байгаа монголчуудын хувьд нэн чухал юм. Хоёрдугаарт, суугаа орондоо Монгол Улсыг сурталчлах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж бодит үр дүн гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь зүйтэй. Гуравдугаарт, худалдаа эдийн засаг хөрөнгө оруулалтын чиглэлээр гишүүдээс гаргасан олон саналыг анхаарч, тодорхой зорилт дэвшүүлэн ажиллах хэрэгтэй. Ялангуяа хөдөө аж ахуй, хөнгөн болон аж үйлдвэрийн чиглэлээр хамтарч ажиллах ямар бололцоо байна вэ гэдийг судлах нь зүйтэй. Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа гэхээр уул уурхайгаар хязгаарлахгүй, уламжлалт аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн эрэл хайгуулыг хийгээрэй. Монгол орны нөхцөлд тохирох, нийцсэн техник, технологи, инновацийг судалж, өөрийн оронд нэвтрүүлж, эдийн засгийн өгөөж гаргах чиглэлээр анхаарал тавьж, идэвхтэй, үр дүнтэй ажиллаарай” хэмээн санууллаа.