Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар өнөөдөр /2018.05.15/ Төрийн байгууллагын орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог зохицуулсан зарим хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Төсөл санаачлагчид танилцуулгадаа орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатанд үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагын хүний нөөц, түүний чадавхийг бэхжүүлэх, чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах, шилжүүлэх ажлыг дэс дараатай, тогтвортой, тодорхой үе шаттай хийж төвлөрлийг сааруулах үйл явцыг эрчимжүүлэх шаардлага байсаар байна.
Тиймээс төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний үргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох 8 хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулиуд, Татварын ерөнхий хууль, Бүртгэлийн ерөнхий хууль, Статистикийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудад зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулсан хуулийн төслийг боловсрууллаа гэжээ.
Орон нутагт мэргэжлийн байгууллагын удирлагыг томилохдоо дээд шатны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга нь томилж байх зарчмыг баримтлан дээрх 8 хуульд өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байна.
2018 оны дөрөвдүгээр сард Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн нэгжтэй хамтран дээрх хуулийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг, санал авах ажлыг Дархан-Уул, Орхон аймгуудын ИТХ, ЗДТГ, хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлага, сумын ИТХ, Засаг дарга нарын оролцоотой зохион байгуулахад нийт 139 санал асуулгын хуудас цугласнаас оролцогчдын 97.8 хувь нь төслийг дэмжиж, 2.1 хувь нь дэмжээгүй санал өгсөн байна.