Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга Ө.Энхтүвшин өнөөдөр “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2016 оны 34 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийлээ.
Монгол орны нутаг дэвсгэрт тохиолдож буй газар хөдлөлт тогтмол нэмэгдэж, сүүлийн 2 жилд газар хөдлөлтийн идэвхижилт, эрсдэл 1,3-2,1 дахин өссөн бол 2017 онд 2.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 77 удаа тохиолдож, 21 удаагийн газар хөдлөлт нь томоохон хот, суурин газрын оршин суугчдад мэдрэгджээ.
Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга Ө.Энхтүвшин мэдээллийнхээ эхэнд гамшгаас хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэн ажиллаж байгаа ажлын явцыг танилцуулаад, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Засгийн газрын 2016 оны 282 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө” болон 20 гаруй дүрэм, журам, бусад эрх зүйн баримт бичгийг боловсруулж батлуулан, хэрэгжилтийг зохион байгуулж байна. Үүнд газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг хүчитгэх, буулгаж шинээр барих зэрэг асуудлуудыг чухалчилж оруулж ажиллаж байгааг онцолж байлаа.
Тус зөвлөлөөс 2017 онд нийслэл хот, бүх аймгуудад Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийг байгуулсан.
Аймгуудын салбар зөвлөлүүд, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах, барилга, байгууламжийн судалгааг гаргах, паспортжуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилгын дахин төлөвлөлтийг тусгах ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.
Мөн барилгын хийц, материалын чанарыг шалгах лабораторийг тоног төхөөрөмж, боловсон хүчнээр хангаж бэхжүүлэх, гамшгийн үед иргэд цугларах талбай, хоргодох байрыг томилгоожуулах, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх, шуурхай удирдлага зохицуулалтаар хангах төв байгуулах, гамшгаас хамгаалах олон нийтийн сургалт, дадлагын танхимтай болох зэргийг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.
Өнгөрсөн онд аймаг, орон нутагт хийсэн нэгдсэн судалгаагаар нийт барилгын 10,5 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь холбогдох байгууллагуудын хийсэн шалгалтаар тодорхойлогдсон байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэлдээ, “ Ашиглалтын шаардлага хангахгүй сургууль, цэцэрлэг, соёлын байгууллага, эмнэлэг, орон сууц, онцгой байдлын албаны барилгыг буулгах, шинэчлэн барихад шаардагдах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлага гарч байна. Хэдийгээр эдийн засгийн болон бусад бодитой хүндрэл бэрхшээл тулгарч байгаа ч Улсын Их хурал, Засгийн газраас газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллах нэн шаардлагатай байгааг онцлон хэллээ.
Үүний дараа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр МУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн саналаар дэмжигдлээ.
Уг тогтоолын төсөлд, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууц, сургууль, цэцэрлэг, соёл, урлаг, онцгой байдлын алба, эмнэлэг зэрэг олон нийтийн байгууллагын барилгыг тэргүүлэх ач холбогдол, газар хөдлөлтийн бичил мужлалын эрсдлийн зэрэглэлээр эрэмбэлж, буулган шинээр барих, зардлыг 2019 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлэхийг тусгаж өгсөн байна.
Мөн барилга байгууламжийн хийц, бүтээцийн газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг тогтоох, барилгын төлөвлөлт, угсралт, ашиглалт, аюулгүй байдлыг хянах нэгдсэн лабораторийн сүлжээг нийслэл хот, аймаг бүрт бий болгон ажиллуулах, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалтыг сайжруулах, гамшгийн шуурхай удирдлага, зохицуулалтын үндэсний сүлжээ, гамшгаас хамгаалах олон нийтийн сургалт, дадлагын төв байгуулах зардлыг тухайн жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг заасан байна.