УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.
УИХ-ын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайланг сонсов
Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайланг сонсов. Хуралдаанд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга, хэлтэс, нэгжийн дарга нар, холбогдох бусад албан тушаалтнууд оролцлоо.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайланг танилцуулав.
УИХ-ын Тамгын газар 2017 онд Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Тамгын газрын дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэн явуулж, УИХ-ын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүргээ бүрэн биелүүлж ажилласныг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга тайлангийн эхэнд онцлоод УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах болон бусад үйл ажиллагаанд Тамгын газраас үзүүлсэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө, авч хэрэгжүүлсэн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг чиглэл тус бүрээр нь товч танилцуулсан юм.
Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааны хүрээнд:
УИХ-аас 2017 онд нийт 459 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл баталсан бөгөөд тэдгээрийг хэлэлцэн батлах бэлтгэл ажил, нэгдсэн чуулган болон Байнгын, дэд хорооны хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангахад УИХ-ын Тамгын газар нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ажиллажээ. Тухайлбал, хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар 137, анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх 144 санал, дүгнэлт боловсруулж, 2319 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэжээ. Мөн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн 54 танилцуулга, 218 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэж, 372 хууль, 87 тогтоолын эцсийн найруулгыг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, ёсчлуулсан байна.
Тайлант хугацаанд УИХ-ын 63 удаагийн нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын 221, дэд хороодын 10 удаагийн хуралдааныг хэвийн явуулах бэлтгэлийг хангаж хуралдуулжээ. Энэ хугацаанд зөвхөн чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар 1082 хуудас гар тэмдэглэл хөтөлж, дууны бичлэгээс 5463 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг буулган хянан нийлж, 5970 хуудас тэмдэглэл, хавсралт 6545 баримт бичиг бүхий 12515 хуудас архивын баримт бүрдүүлсэн байна.
Мөн хууль, УИХ-ын бусад шийдвэрийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, хэрэгжилтийг хянан шалгах, үнэлэлт, дүгнэлт гаргах чиглэлээр Байнгын хорооны тогтоол болон УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан нийт 64 ажлын хэсгийн хуралдааныг 360 удаа зохион байгуулж, 53 ажлын хэсгийн танилцуулгыг бэлтгэж, Байнгын хороодын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлжээ.
2017 онд УИХ-д нийт 18849 иргэнээс 22007 хуудас бүхий 3263 өргөдөл /нийслэлийн иргэдээс 2089 буюу 63.8 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 1174 буюу 36.2 хувь/ ирүүлснээс 155 буюу 4.7 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 2643 буюу 80,9 хувь нь хувийн асуудлаар, харин 465 өргөдлийг УИХ-ын гишүүний гарт нь гэж хаяглаэ ирүүлсэн байна. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд болон Байнгын хороодод иргэд, байгууллагаас 2042 албан бичиг, өргөдөл, гомдол, хүсэлт, материал ирснээс 1677-д нь хуульд заасан журмын дагуу хариу өгч шийдвэрлэжээ.
Тайлант хугацаанд УИХ-ын Тамгын газраас зохион байгуулсан нэг томоохон ажил нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах болон ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юм. УИХ-ын Тамгын газар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүд, Зөвлөлдөх зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний статистикийн хороо, нийслэл, орон нутгийн удирдлага, бусад холбогдох албан тушаалтантай хамтран Монгол Улсын нийт хүн амыг төлөөлөх боломжтой иргэдээс судалгаа авах, тэднийг Улаанбаатар хотод ирүүлэх, байрлуулах, зөвлөлдөх санал асуулга хийх, судалгаа, санал асуулгын дүнг нэгтгэх ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 298 дугаар захирамжаар Зөвлөлдөх зөвлөлийн ажлын албыг байгуулж, уг ажилд Тамгын газрын бүх ажилтныг татан оролцуулсан.
Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатны санал асуулгад Монгол Улсын нийт хүн амаас санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнийг хамруулж, хоёр дахь шатны санал асуулгад нэгдүгээр шатны санал асуулгад оролцсон иргэдээс санамсаргүй түүврийн аргаар 785 иргэнийг сонгон авч Улаанбаатар хотод урьж ирүүлэн Төрийн ордонд хоёр өдрийн турш зөвлөлдсөн.
Анхдугаар зөвлөлдөх санал асуулгаар УИХ-аас баталсан үндсэн 6 сэдвийн хүрээнд 13 асуудлаар эерэг, сөрөг мэдээллийг өгч, хэлэлцүүлгийн дараа санал асуулгад оролцогчдоос дахин санал авсан бөгөөд санал асуулгын дүнг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэгтгэн Зөвлөлдөх зөвлөлд гардуулан өгсөн. Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын дүнг хэлэлцээд зөвлөмж гаргаж ажлын хэсэг болон УИХ-ын даргад хүргүүлсэн бөгөөд уг зөвлөмжийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хувилбар бэлэн болсон. Улмаар дээрх төслийг УИХ-ын 2017 оны 39 дүгээр тогтоолоор улс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Энэ ажлын хүрээнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 491 дүгээр захирамжаар дэд ажлын хэсэг байгуулж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэх, дүнг гаргах ажлыг амжилттай зохион байгуулав. Хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар болон судалгаа, мэдээлэл, лавлагаа” номыг 27.000 ширхэг хэвлүүлэн 21 аймаг, 9 дүүрэг, төрийн болон төрийн бус байгууллага, номын сан, эрдэм шинжилгээний байгууллагууд, судлаачдад тараажээ. Мөн forum.parliament.mn цахим хуудас, хэлэлцүүлэгт зориулан "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт" фэйсбүүк пэйж шинээр нээж, ухаалаг гар утасны "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт" аппликэйшнээр төслийг сурталчилж, иргэдийн саналыг авсан.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг сурталчлах, мэдээ мэдээллийг бэлтгэх үүрэг бүхий 14 хүний бүрэлдэхүүнтэй 7 баг 21 аймаг, 53 сум, нийслэлийн 9 дүүрэгт ажиллуулсан.
Хэлэлцүүлгийн талаарх 263 мэдээг телевиз, сонин сайт, радио, нийгмийн сүлжээгээр олон нийтэд хүргэсэн. Энэ үеэр 750 цаг буюу 45.000 гаруй минутын дүрс бичлэг, 1100 нэгж гэрэл зураг авч, архивын нэгж үүсгэж хадгалсан байна.
Мөн 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд 68 бүсчилсэн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, сургалтад 4705 төрийн албан хаагч хамрагдаж, иргэд, олон нийтээс нийт 327.375 саналын хуудсаар санал авсан бөгөөд аймгуудаас 143.894, нийслэлээс 116.527, “Монголшуудан” ХХК-аас 63.638, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан программ хангамжаар 3191, цахим хуудсаар 125 саналын хуудас хүлээн авчээ. Хүлээн авсан бүх саналыг нэгтгэх ажил 6 сарын турш хийгдэхээр байсныг 60 хоногт багтаах зорилгоор саналыг цахим мэдээллийн санд оруулах, бүртгэх, тайлан гаргах программ хангамжийг боловсруулж ашигласнаар иргэдээс ирүүлсэн бүх саналыг цахим санд оруулжээ. Мөн иргэдээс ирүүлсэн саналын хуудсыг эмхлэн цэгцэлж 869 хайрцаг буюу 2607 хадгаламжийн цаасан нэгж бүрдүүлж хадгалаад байгаа аж.
Одоо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс орон даяар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулга болон хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн төслийг эцэслэн боловсруулахаар УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгаа юм.
УИХ-ын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд:
УИХ-ын даргын захирамж болон Байнгын хороодын тогтоолоор байгуулагдсан хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий 13 ажлын хэсгийн бүрэлдэхүүнд давхардсан тоогоор УИХ-ын 83 гишүүн оролцож, Тамгын газрын ажилтнууд УИХ-ын гишүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ. Тайлант хугацаанд 2016 онд байгуулагдсан 9 ажлын хэсэг үргэжлүүлэн ажиллаж, Байнгын хорооны хяналт шалгалтын хуваарийн дагуу 1, УИХ-ын даргын захирамжаар 1, хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий 2, нийт 4 ажлын хэсэг шинээр байгуулагдаж ажилласан байна. Эдгээрээс хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий 10 ажлын хэсэг санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулан УИХ-ын болон холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын 2, Байнгын хорооны 6 тогтоол, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газар болон холбогдох байгууллагуудад хугацаатай үүрэг, чиглэл өгч, мэдээлэл сонсохоор шийдвэрлэжээ.
Тайлант хугацаанд УИХ-ын 21 гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын даргад хандан 19 асуулгыг 65 асуудлаар тавихад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, асуулгын хариуг хуульд заасан хугацаанд ирүүлэхэд хяналт тавин, асуулга болон асуулгын хариуг цахим хуудсанд байршуулан мэдээллээр хангаж ажиллажээ. Давхардсан тоогоор УИХ-ын 13 гишүүний 11 асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсох ажлыг зохион байгуулжээ. Энэ үеэр давхардсан тоогоор 131 гишүүн 344 асуулт асууж, хариулт авч, асуулга тавьсан гишүүд санал бодлоо илэрхийлсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд 8 сэдвээр чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийсэн бөгөөд мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн бүлгийн давхардсан тоогоор 31 гишүүн 80 асуулт асууж, хариулт авчээ. Мөн Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах яам, агентлаг, газруудын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар 26 удаа мэдээлэл сонсож, мэдээлэлтэй холбогдуулан давхардсан тоогоор УИХ-ын 133 гишүүн 502 асуулт тавьж, хариулт авсан байна.
УИХ-ын Тамгын газраас хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг тайлант хугацаанд анх удаа эхлүүлсний зэрэгцээ Төсвийн тухай хуулийн хэрэгжилт, нэгдсэн төсвийн гүйцэтгэл, төсвийн төсөлд хийх хяналт, шинжилгээний чиглэлээр онцгойлон анхаарч ажиллажээ. Мөн Байнгын хороод, УИХ-ын гишүүдэд төсвийн талаар тогтмол мэдээлэл өгч иржээ.
УИХ-ын чуулганаар хэлэлцэх болон гишүүдийн санаачлан боловсруулсан хуулийн төсөлтэй холбогдох судалгаа, мэдээллээр хангах ажлыг шуурхай зохион байгуулж, нийт 39 судалгааны ажил гүйцэтгэхээр төлөвлөснөөс 36 ажил гүйцэтгэжээ.
Мөн УИХ-ын Номын сангийн фондыг баяжуулах, үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд хууль, эрх зүй, эдийн засаг, төсөв, менежмент, улс төр, нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн 5,9 сая төгрөгийн үнэ бүхий 200 орчим ном худалдан авсан бол “ЮНЕСКО”-ийн Монголын үндэсний комисс, Монголын үндэсний номын сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн судалгааны алба зэрэг байгууллага, хувь хүнээс хандиваар 255 ном авч бүртгэн фондыг баяжуулжээ. Энэ хугацаанд УИХ-ын Архивыг 3271 хадгаламжийн нэгжээр баяжуулсан байна.