Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан нар санал хэллээ. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй байдаг. Тус дэд хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, зарим гишүүний гаргасан тодорхой саналыг хүлээн авч Байнгын хороо Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргээ гүйцэтгэх шаардлагатай гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар хэллээ. Мөн хуулийн хүрээнд явуулсан үйл ажиллагаанд үндэслэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд халдаж, удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж байгаа асуудлыг Хууль зүйн байнгын хороо анхааралдаа авах нь зүйтэй гэв. Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрх нь зөрчигдөж буй талаар өргөдөл ирүүлэх ёстой гэдгийг сануулаад нэр бүхий гишүүдийн гаргасан саналын дагуу Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж холбогдох санал, дүгнэлтийг гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд нарыг ажиллуулахаар байгуулсан. Тус ажлын хэсэг ажиллаж байгаа талаар тайлбар өглөө.
Өнөөдрийн хуралдаанаар 2018 оны тавдугаар сарын 03-ны өдрийн Е/08 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг хэлэлцэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар санал хэлэв. Тэрбээр “Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулахтай холбоотой тодорхой зохицуулалт бий. Эдгээр албан тушаалтнууд нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхээр тогтоогдвол албан тушаалаас огцруулах зохицуулалттай. Харин Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг дараах гурван тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр хуульд заасан байгаа. Нэгдүгээрт, өөрөө хүсэлт гаргасан бол, хоёрдугаарт, биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд. Гуравдугаарт, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд гэж заасан. Одоогоор Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нар өөрсдөө хүсэлт гаргаагүй байна. Эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байгаа гэж ойлгож байна. Түүнчлэн эдгээр албан тушаалтнуудын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа юм. Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор дээрх албан тушаалтнуудыг томилох эсэх асуудлыг хэлэлцээд Авилгын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно” гэж заасныг үндэслэн шийдвэрээ гаргасан. Үүнийг холбогдох баримтаас харж болно. Зарим тайлбарт дурдагдаад байгаа шиг дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалт буюу нөхөн томилогдсон албан тушаалтны бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ гэдэг заалтыг үндэслээгүй. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийг зургаан жилийн хугацаатайгаа томилсон Улсын Их Хурлын шийдвэр тухайн үедээ гарсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1.2-т “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…” хэмээн заасан байдаг. Иймд дээрх албан тушаалтнуудын бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэх хууль зүйн боломжгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал нь Авилгын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “…Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно…” гэж заасантай зөрчилдөж байгаа. Үүнээс улбаалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн уг санал Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 70.1-т “…Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино…” гэснийг зөрчсөн байж болзошгүй. Ийм нөхцөлд Хууль зүйн байнгын хороо уг саналыг хэлэлцэх, тодорхой санал, дүгнэлт гаргавал Улсын Их Хурал өөрөө Монгол Улсын Үндсэн хууль тэргүүтэй холбогдох хуулиудыг зөрчих болно. Иймээс өнөөдрийн хуралдаанаар Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна” гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хууль зүйн хувьд Улсын Их Хурал авч хэлэлцэх үндэслэлгүй хэмээн тайлбарлаад хууль зөрчсөн, агуулгын зөрчилтэй уг саналыг хэлэлцэхгүй байх горимын санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайханы гаргасан горимын саналаар санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон 15 гишүүний 80 хувь нь дэмжсэн.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжив
Ингээд хэлэлцэх асуудлаа баталснаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан юм. Уг горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 93.3 хувийн саналаар дэмжиж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.