УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” мэдээлэл хийлээ.
Олон улсын холбогдох байгууллагуудын сүүлийн үеийн судалгаагаар дэлхий нийтийн 7.6 тэрбум хүн амын 8.7 хувь буюу 660.0 сая гаруй хүн баталгаатай цэвэр усны хүрэлцээгүй, усан хангамжийн дутагдалтай нөхцөлд амьдарч байна.
Монгол Улсын хувьд баталгаатай цэвэр усаар хангагдсан хүн амын эзлэх хувь 2015 оны байдлаар 65 хувьтай байсан. Өөрөөр хэлбэл манай улсын 1.0 сая орчим хүн баталгаагүй, ил задгай болон зөөврийн усыг ундандаа хэрэглэсээр байна. Энэ нь иргэдийн маань эрүүл мэнд тодорхой хэмжээнд өвчлөлд өртөх эрсдэлтэй байна гэсэн үг хэмээн Ерөнхий сайд тэмдэглэлээ.
2017 оны байдлаар мал сүргийн тоо толгой 66 саяд хүрч, жилд 115 сая метр куб ус хэрэглэж байгаа боловч бэлчээр усжуулалт дөнгөж 40 орчим хувьтай байгаа бөгөөд бэлчээрийн доройтол, малын тоо толгойн хэт өсөлт болон усан хангамжийн дутагдал зэргээс шалтгаалан мал сүргийн таваарлаг чанар муудаж, мал давжаарч байгааг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар байна гэлээ.
Тэрбээр, Өнөөгийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд усны сав газрын 21 захиргаа нийслэл болон хөдөө орон нутагт ажиллаж байна.
Усны салбарын чиг үүргийн хуваарилалт нь Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд тодорхой хэсэг нь хамаарч байгаагаас гадна бусад 10 яам, 2 агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд хуваагдсан нь төрөөс усны талаар баримтлах бодлогыг зөв оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэлтэй болсныг харуулж байна.
Усны тухай хуульд 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар тодорхой судалгаа тооцоололгүйгээр усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг татан буулгасан нь алсын хараагүй, оновчгүй шийдвэр болсон гэж эрдэмтэн, судлаачид үзэж байна.
Үүнд дүгнэлт хийж, усны бодлогыг улсын хэмжээнд нэгтгэн зангидаж хэрэгжүүлэх зохистой арга хэлбэрийг олох шаардлагатай байна хэмээн хэлсэн.
Сүүлийн жилүүдэд болж байгаа уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалан мөнх цас, мөсөн голын усны нөөцийн хэмжээ 30 орчим хувиар багассан, 2017 оны байдлаар 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэжээ.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усан гадаргын ууршилт Монгол орны хэмжээнд 2016-2035 оны хооронд жилд дунджаар 107-165 мм, 2050 онд 96-364 мм, 2080 онд 150-370 мм тус тус нэмэгдэх хандлагатай уялдан гол мөрний эх болсон мөнх цас, мөсөн гол, мөстлийн хайлалт хурдацтай нэмэгдэж болзошгүй гэж судлаачид үзэж буй аж.
Монгол Улсын хүн ам өсөн нэмэгдэж, хотжилт, уул уурхай, эдийн засаг өргөжин тэлж, малын тоо өсч бэлчээр хомсдохын хэрээр усны хэрэглээ эрс нэмэгдэх хандлагатай байна.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын өсөлт, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицохын тулд ус хангамжийг сайжруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна гэлээ. Үүнд:
“Ус” үндэсний хөтөлбөр, Улсын болон сав газруудын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой хөрөнгө, төсвийг шийдвэрлэх,
Гадаргын усыг хуримтлуулан, усны нөөцийг нэмэгдүүлэх, Эг, Орхон, Шүрэн, Туул гол дээр усан цогцолбор байгуулах ажлыг үргэлжлүүлж, оновчтой шийдэл, гарцыг олох,
Хэрлэн, Туул гол дээр урсацын тохируулга хийх, экологийн урсац бий болгохийн зэрэгцээ, зохистой хэмжээг шилжүүлэн ашиглахад шаардлагатай хөрөнгийг шийдэх,
Уул уурхай, хүнд үйлдвэр түүнийг дагалдан бий болох суурин газруудын ус хангамжид гадаргын ус ашиглан бараг үл нөхөгдөх газрын доорх усаа хойч үедээ нөөцлөх бодлогыг хэрэгжүүлж эхлэх,
Улаанбаатар хотын усан хангамжид газрын доорх уснаас гадна гадаргын усны нөөц бий болгож, хосолмол байдлаар ашиглаж эхлэх, хот суурингийн цэвэрлэх байгууламжуудыг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх,
Монгол Улсын Үндсэн хууль болон Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлж, усны үндсэн эх үүсвэрийн толгойн байгууламж, газрын доорх усны ордын эзэмшлийг төрийн мэдэлд шилжүүлэх.
Эдийн засгийн салбарууд, үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийн шаардлагад нийцүүлэн усны нөөцийг нэмэгдүүлэх хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, зохистой ашиглахад чиглэгдсэн усны аж ахуйг хөгжүүлэх,
Усны салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, Ус хөтөлбөр, усны менежментийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан бүтээн байгуулалтын ажлуудыг цаг хугацаанд нь зөв төлөвлөн хэрэгжүүлэх,
Усны бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Засгийн газрын зохистой бүтцэд тулгуурлан байгуулах зэрэг асуудлууд багтаж байгаа юм байна.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасансанал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа уншиж танилцуулсан юм.
Тэрбээр, Манай орны усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн байдал нь усны салбарын мэргэжлийн болон төрийн захиргааны байгууллагууд төдийгүй нийт иргэдийн анхаарал, болгоомжлолыг байнга татсан, олон жил шийдлээ хүлээсэн ч шийдвэрлэгдэж чадаагүй, ялангуяа хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй нийслэл хотын усан хангамж, ариутгах татуурга ноцтой байдалд хүрсэн, түүнээс бохирдож буй газар нутгийн хэмжээ улам өсөн нэмэгдэж байгаа нь ноцтой үр дагавар учруулахаар байна. Иймд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс усны салбарт дараах зарчмын саналуудыг хүргүүлж байнагэлээ. 2010 онд УИХ-аас баталсан “Ус” үндэсний хөтөлбөр, Засгийн газраас баталсан “Хатан Туул” дэд хөтөлбөр, “Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-ний зэрэг хөтөлбөрүүдийн биелэлт 2015 оноос хойш гараагүйг анхааран, эхний ээлжинд эдгээр хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтийг холбогдох газруудаар гаргуулан дүгнэлт хийх шаардлагатай байна хэмээн АН-ын бүлэг Засгийн газарт хүргүүлсэн саналдаа тусгажээ. Мөн 2009 онд УИХ-аас баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх,усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай”хуулийн хамрах хүрээг Засгийн газрын тогтоолоор 2015 оноос жил бүр багасгаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээж байна. Энэ асуудлыг Засгийн газар УИХ-д ойрын хугацаанд танилцуулах, 2013 оноос хойш унд-ахуйн, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглаж буй цэвэр усны үнэ, хаягдал бохир ус татан авч цэвэрлэсний өртөгт ямар ч өөрчлөлт ороогүй нь усны салбарын байдлыг хүндрүүлэх нэг шалтгаан болж байна. Иймд үнэ, өртөгт өөрчлөлт оруулах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зэрэг санал хүргүүлж буйгаа танилцуулсан юм.
Түүнчлэн одоогоор ашиглаж эхлээгүй ч нийслэлийн усан хангамжинд зориулан улсын төсвөөр хайгуул судалгаа нь хийгдсэн “Туул-Тэрэлж”, “Хүй долоон худаг” зэрэг нийслэл орчмын газрын доорх усны бусад ордуудын оршиж байгаа нутаг дэвсгэрт шинээр үйлдвэр, суурьшлын бүс үүсгэхгүй байх, өмнө олгогдсон газрын зөвшөөрөлтэй бүсэд үйл ажиллагаа явуулж буй ус ашиглагч, хэрэглэгчдийн өнөөгийн болон хэтийн усны хэрэглээг тооцох ажлыг яаралтай хийх зэрэг саналууд ч тусчээ.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа нар асуулт асуусан. Гишүүд цэвэрлэх байгууламжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар, Туул голын ойролцоо хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцох ямар арга хэмжээ авч буй талаар тодруулж байлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын болоод Барилга хот байгуулалтын сайд нарын хариулснаар, Туул голын усан сангийн хязгаарлалтын бүсэд хууль зөрчин үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцон, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гүйцэтгэхээр санамж бичигт гарын үсэг зурснаас хойш техник, эдийн засгийн үндэслэл хийгдэж, өдгөө гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах шатанд орж буй юм байна. Түүнчлэн Францын Улсаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Орхон аймагт байгуулсан цэвэрлэх байгууламж ашиглалтад ороход бэлэн болж, аймгуудын цэвэрлэх байгууламжуудын шинэчлэх ажлууд хийгдэж байгаа хэмээн Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хариуллаа.