УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Татварын ерөнхий газрын статистик мэдээгээр Монгол Улсад 2017 оны байдлаар бүртгэлтэй 155.065 аж ахуйн нэгжээс 78.585 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 86 хувь буюу 67.612 нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч, 800 гаруй мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 57 хувийг эзэлж байна. Борлуулалтын орлогын ангиллаар авч үзвэл 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээс 50 хүртэл сая төгрөгийн борлуулалттай нь 59 хувийг эзэлж байгаа нь жижиг, дунд үйлдвэрийн талаас илүү хувь нь бичил үйлдвэрлэл эрхлэгч нар байна гэсэн үг.
Улсын хэмжээнд 2009-2017 оны хооронд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд 3 их наяд 850.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 26.454 төсөл ирүүлсний 18 хувьд буюу 7536 төсөлд 835.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор 40.628 ажлын байр шинээр бий болж, 25.417 ажлын байр хадгалагдсан бол Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хүрээнд барьцаа баталгаа шаардлагатай 463 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн 102.2 тэрбум төгрөгийн зээлд 42.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортолж буй жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулиудыг 2009, 2014, 2017 онд баталж, хуулийн хүрээнд чөлөөлөгдөх тоног төхөөрөмжийн жагсаалтыг 2014, 2017 онд Засгийн газрын тогтоолоор баталсан. Дээрх тогтоолын хүрээнд 2009-2016 онд нийт 2899 иргэн, аж ахуйн нэгж 3201 төрлийн 7000 гаруй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортолсон бөгөөд 37.5 тэрбум төгрөгийн гаалийн, 78.8 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн татварын чөлөөлөлтөд хамрагдсанбайна.
Улс орны эдийн засаг эрчимтэй хөгжиж, зах зээлийн харилцаа гүнзгийрэх тусам Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэх, зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага урган гарсаар байна. Иймд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж буй олон улсын туршлага, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зөвлөмж, жижиг, дунд үйлдвэрийн салбарт хийсэн ажиглалт судалгааны дүгнэлт, өөрийн орны онцлог, давуу, сул тал, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин, түүхий эд, хүний нөөцийн боломж зэргийг харгалзан боловсруулжээ.
Хуулийн төсөлд:
- Жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарын улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх;
- Хуулийн үйлчлэх хүрээнээс иргэнийг гаргаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулиар иргэнийг хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, улмаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн компани, хоршоо байгуулах замаар Жижиг, дунд бизнесийн дэмжлэгт хамрагддаг байх;
- Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд дэмжлэгийн талаарх бодлого, үндсэн чиглэлийг тусгасан тунхаглалын шинжтэй заалтууд хуулийн гуравны нэгтэй тэнцэж байгаа байдлыг өөрчлөх;
- Хуулийн үйлчлэх хүрээг илүү нарийвчлан тогтоож, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжихэд зориулагдах ёстой санхүүжилтийг өөр зорилгоор зориулалт бусаар ашигладаг байдлыг хязгаарлах;
- Ажил олгогч нарын ажлын байр шинээр бий болгох сонирхлыг эдийн засгийн хөшүүрэг ашиглан нэмэгдүүлж, ажилчдын тоо өсөх тусам Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас болон банкаар дамжуулж олгох зээлийн хэмжээ нэмэгддэг байх;
- Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгох, уг хуулийн үйлчлэлд хамаарч байгаа аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа улирал тутамд бус жилд нэг удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг болгох;
- Жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг буюу 10 хувиас доошгүй хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулж Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд төвлөрүүлэх зохицуулалтыг боловсронгуй болгох;
- Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарын үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, нэмэгдүүлэх чиглэлээр өөрчлөлт оруулах;
- Хууль зөрчсөн хүн, хуулийн этгээд, төрийн албан хаагчид хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгож Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай уялдуулах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.