“Цэцэн түшээ-2” шатрын тэмцээн дүнгээ гаргалаа. Монгол Улсын Их Хурлын 7 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулж буй “Цэцэн түшээ-2” шатрын тэмцээн Төрийн ордонд болж өндөрлөлөө.
УИХ-ын гишүүд швейцарь системээр зургаан өрөг тоглов. Энэ жилийн тэмцээний “Уран өрөг” тусгай шагналыг УИХ-ын гишүүн А.Сүхбат, “Шилдэг эмэгтэй тоглогч”-ийн тусгай шагналыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг гардлаа.
Нийт оноогоор УИХ-ын гишүүн Л.Энхболд тавдугаар байр, Х.Болорчулуун дөрөвдүгээр байр эзэлж, гишүүн Ё.Баатарбилэг хүрэл, Ц.Нямдорж мөнгөн медаль хүртсэн бол 2018 оны “Цэцэн түшээ”-гээр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тодорч, алтан медалиар энгэрээ мялаав.
“Цэцэн түшээ-2” тэмцээний шагналыг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Г.Баатар, гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, Ц.Цогбаяр нар гардуулж, баяр хүргэлээ.
Дашрамд дурдахад анхны тэмцээн 2017 онд болсон бөгөөд эрэгтэй шатарчдын тэргүүн байрт Г.Занданшатар шалгарч, эмэгтэй шатарчдаас Б.Саранчимэг тэргүүлж байжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.