Ёс зүйн дэд хороо өчигдөр хаалттай хуралдаж, гишүүн Д.Гантулгын талаар ирүүлсэн санал, гомдлыг хэлэлцжээ. Гомдлыг гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх Ч.Наранзаяа болон түүнийг өмгөөлж буй “Веритас партнерс” хуулийн фирмээс ирүүлсэн байна.
Өмгөөлөгчийн хувьд УИХ-ын гишүүн үүссэн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийсэн нь ёс зүйд нийцэж буй, эсэхийг тодруулахыг хүссэн аж. Уг хэргийг хуулийн байгууллагаар шалгаж буй, эцсийн дүгнэлт гараагүй учраас иргэн Ч.Наранзаяагаас ирүүлсэн өргөдөлтэй холбогдуулан байр суурь илэрхийлэх, хэлэлцэх боломжгүй гэж үзсэн бол хуулийн фирмээс ирүүлсэн саналаас улбаалж, гишүүн Д.Гантулгаас албан ёсны тайлбар авахаар болсон байна.
Өөрөөр хэлбэл, тэрбээр хүчингийн хэрэгт холбогдсон талаараа Төрийн ордонд мэдээлэл хийсэн тухайд бичгээр тайлбар ирүүлэх болж байна.