“Монголын бурхны шашин судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр эхэллээ. Хурлыг МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Олон улсын монгол судлалын холбоо хамтран тус хийдийн “Батцагаан” дуган болон МУИС-ийн номын санд зохион байгууллаа. Хуралд Монгол, ОХУ, БНХАУ, БНЭУ, АНУ, БНСУ зэрэг 11 улсын 60 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна.
Тэд Mонгол дахь буддын мэдлэг ухаан ба эх бичиг, Mонголын бурхны шашны түүх, хутагт хувилгаад, Буддын мэргэд, сүм хийд, зан үйл, шашин ба улс төр, эрх зүй, гадаад харилцаа, өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага гэсэн агуулга бүхий дөрвөн төрлийн судалгааны ажлаар илтгэл хэлэлцүүлжээ. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монголын бурхны шашныг судалдаг эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шашин судлалын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлохын зэрэгцээ салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхэд чиглэж буй аж.
Б.Амарзаяа