Олон улсын балет болон бүжгийн “Grand prix Mongolia 2024” уралдаан, гала тоглолт манай улсад анх удаа энэ сарын 22-29-нд болох гэж байна. Үүнд зургаан орны балетчин, үндэсний болон орчин үеийн бүжигчид өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Мөн нээлт, хаалтын нэгдсэн тоглолтод гадаадын нэртэй балетчид оролцохоороо онцлогтой. БНСУ-ын нэрт балетчин, шүүгч Пак Жэ Кеүн санаачлан Сөүл хотноо 2016 онд ийм нэрийн дор олон улсын уралдаан зохион байгуулсан нь хүрээгээ тэлж, өдгөө дэлхийн томоохон хотуудад явуулдаг болоод буй юм. Монголчууд эх орондоо уг арга хэмжээг өртөөлүүлснээр манай улсын нийслэлийн нэр Москва, Нью-Йорк, Сингапур, Сөүл, Верона, Токио, Парис зэрэг нэр бүхий жагсаалтад багтана.
“Grand рrix Mongolia 2024” уралдааныг эх орондоо явуулахыг балетын нэрт жүжигчин, АНУ-д амьдардаг Э.Бат-Эрдэнэ санаачлан, үндэслэгчийн зөвшөөрлийг авснаар “G-River ballet” студи, СУИС, Консерватортой хамтран ажиллаж байна. Соёлын яам, нийслэлийн Соёл урлагийн газраас дэмжиж буй гэнэ. Амжилт үзүүлсэн балетчид, бүжигчдэд мөнгөн шагнал олгохоос гадна олон улсын нэр хүндтэй балетын сургуулиудад тэтгэлгээр суралцах эрх олгох юм.
Бэлтгэсэн: Р.Жаргал