Францын Европ, Гадаад хэргийн яамнаас Монгол дахь Элчин сайдын яамаараа дамжуулан санхүүжүүлэх 800 мянган еврогийн буцалтгүй тусламжаар “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” ашгийн бус байгууллагаас хэрэгжүүлэх WIFI төслийг албан ёсоор эхлүүллээ. Уг төсөл нь Монгол Улсад тогтвортой, чанартай, ашигтай махны үйлдвэрлэлийг хөгжүүлснээр хотыг тал нутагтай холбох нийлүүлэлтийн сүлжээ бөгөөд орон нутагт чанарын өндөр шаардлага хангасан махны нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх шинэлэг төслийн үйл ажиллагааг дэмжин ажиллах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нарын 2023 онд харилцан хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн салбар, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлд, хүнсний аюулгүй байдал, мал эмнэлгийн салбарт эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа батлан илэрхийлсэн билээ. Монгол дахь Франц улсын ЭСЯ, Монгол Улсад 2004 онд үйл ажиллагаагаа эхэлсэн “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд Баянхонгор аймгийн Богд, Жинст, Бөмбөгөр, Баянцагаан суманд махны нийлүүлэлтийн сүлжээний чадавхыг судлах инновац шингэсэн төслийн үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэхийг санал болгосон. Төслийн гол цөм нь махны мөшгих тогтолцоо, чанар, эрүүл ахуйн шаардлагыг хангах, түүнчлэн мал аж ахуйн болон бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх ээлтэй тойрогт малчдыг татан оруулах, эдийн засгийн үнэ цэнийг бий болгоход чиглэсэн арга зам юм.
2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд Монгол Улсын Засгийн газраас зарласан “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнтэй нийцүүлэн махны үйлдвэрүүд, орон нутгийн мал нядалгааны газруудтай худалдааны хамтын ажиллагаа өрнүүлэх замаар дөрвөн малчны хоршоо тогтвортой мах, махан бүтээгдэхүүнээ ашигтай зах зээлд гаргахад уг төсөл дэмжлэг үзүүлэх ажээ.
Бэлчээрийн мал аж ахуйд түшиглэн, Монголын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, хэрэгжүүлэх арга зам, хөшүүргийг тодорхойлох, түгээн дэлгэрүүлэх зорилгоор орон нутгийн удирдлагууд, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран, төслийг хэрэгжүүлэгч байгууллагаас 2026 оны дөрөвдүгээр сард зөвлөлдөх уулзалт хийхээр товлов.