Хотын гудамжууд, гол зам дагуу, төв талбайдаа хүртэл цэцгийн мандал байгуулж, тансаглаж явсан үе нийслэлчүүд бидэнд бий. Гудамжинд гоёлын цэцэг тарьж, төсвийн мөнгийг дэмий үрлээ гэж иргэд мөн ч их шүүмжилсэн дээ. Өвлийн эхэн сард ч хагдардаггүй, анхны цасанд ч дарагддаггүй тийм гоёмсог цэцгүүдийг өмнөх хотын дарга нарын үед нийслэлд тарьдаг байлаа. Иргэд энэ үеэ эргэн санах болсон нь Х.Нямбаатар хотыг удирдсанаас хойш улаанбаатарчууд “нар үзэх “-ээ больсонтой холбоотой. Тэр юм л болбол эрх хүүхэд шиг аашлан, элдэв хэл ам таталж, нураана буулгана, хаана бооно, торгоно, хорино гэх. Сөргөсөн болгонтой “Чи юу гээд байгаа юм” гэж хэрэлдэхийг нь яана.
Энэ бүхнээс хамгийн гутамшигтай нь Х.Нямбаатар хотын төв талбайгаа хар зах болгочхоод иргэдээ хээвнэг доромжилж суух болсон нь юм. Нийслэлийн нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулсан, зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэж буй. Энэ ажлаа зогсоохгүй гэдгээ ч тэрбээр хэлсэн. Тэгснээ өөрөө төв талбайд эзэн суучихсан. Энэ ариун явдал уу.
Нийтийн эрх ашгийг ноцтой зөрчиж, төв талбайг эзэрхэх эрх ганцхан Х.Нямбаатарт л байдаг бололтой. Өнөөх үзэн ядаад байсан ТҮЦ-үүдээсээ ч дээрдэхээргүй хэдэн майхан төв төлбайдаа авчраад долоон хоног хоолны өдөрлөг хийв. Одоо бүр худалдаа наймаа цэцэглэх боллоо. Хоолны өдөрлөг зохин байгуулсан “майхан”-даа цирк үзүүлнэ гэж иргэдийг өчнөөн дугаарлуулж, чирэгдүүлсэн. Сүүлдээ бүр зун болох, үгүйг хотын дарга Х.Нямбаатар мэдэх юм гэнэ. Учир нь юу гэвэл тэрбээр аялал жуулчлалын улирлыг нээж, иргэдийн баяр гээчийг тэмдэглэх юм гэсэн. Энэ талаар мэдээлэхдээ мээр огтхон санаа зовоогүй, харин ч өөртэй итгэлтэй, зоримог харагдана лээ. “Улаанбаатар хотын иргэдийн баярыг зургаадугаар сарын 27, 28-нд зохион байгуулна. Уг баярыг уламжлал болгон жил бүр тэмдэглэнэ” гэх нь тэр.
Нэгдүгээрт, иргэд баярлахыг хүсэхгүй байна. Тэгэх зав ч байхгүй, түгжрэл, утаа, тоосон дунд татварын дарамтуудаасаа толгой өндийх манатай л аж төрж буй шүү дээ. Хоёрдугаарт, төв талбайг яаралтай чөлөөлж, хуучин хэвэнд нь оруулахыг Х.Нямбаатараас шаардаж буй. Цэцэг тарьдаггүй юм аа гэхэд талбайг ядаж “амраачих”, жуулчид, иргэд тааваараа салхилаг, хотын дарга аа. Таны өмч ч биш, муу ч үгүй энэ улсын төв талбай юм шүү. Болсон болоогүй баяр тэмдэглэж, цирк, жүжиг тоглуулж, худалдаа наймаа хийх зэргээр матарлаж, элдэвлэдэг газар огтоос биш гэдгийг эрх биш Та гадарлах байлгүй. Гоо зүй талаасаа ч эдгээр арга хэмжээг зориулалтын театр, соёлын ордонд нь зохион байгуулбал зохилтой.
Иргэд хотын даргын энэ мэт увайгүй, иргэдээ басамжилж, доромжилсон тушаал, шийдвэрүүдийг тэвчсээр эцэстээ итгэл нь алдарч, “тэсрэхэд “ бэлэн болчхоод буй. Харин манай мээрт өдгөө юу ч “наалдах “-аа больсон л доо. Тэр хэзээ ч иргэдээ сонсдоггүй, энэ удаад ч тоосонгүй, загнаж зандарсан чигээрээ л муйхарласаар байгаа нь харамсалтай.
О.Оргилох