Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний 81 жилийн ой өчигдөр тохиолоо. Төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй албадаас алтан мөрдөстөн бүхий байгууллагууд жил бүр ээлжлэн хариуцаж зохион байгуулдаг энэ тэмдэглэлт өдрийн өнөө жилийн ээлж Цагдаагийн ерөнхий газарт таарсан юм. Энэ өдөр цэргийн дээд цолтнууд төв талбайд цугларан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Энэ арга хэмжээнд эдүгээ амьд сэрүүн буй 129 алтан мөрдөстнөөс 110 гаруй нь оролцсон байна. БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны 52 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарт хошууч генерал цол олгосноор Монгол Улсын түүхэн дэх анхны 11 генерал цолтон төрсөн түүхтэй бөгөөд тэднийг оролцуулаад нийт 230 гаруй хүн цэргийн дээд цол хүртжээ. Эдүгээ алтан мөрдөстнүүдийн дотроос хамгийн өндөр настай нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, хурандаа генерал С.Лувсангомбо 103 настай юм. Харин энэ цолыг ганц эмэгтэй хүн хүртсэн нь бригадын генерал Г.Болор бөгөөд Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөхөөр ажиллаж байгаа билээ.