Засгийн газар Говийн их дархан цаазат газрын А хэсэгт Нарансэвстэйн боомтыг сэргээн байгуулах шийдвэр гаргасан нь орон нутгийн иргэд төдийгүй олон нийт, байгаль орчны салбарынхны эсэргүүцэлтэй нүүр тулсан. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж иргэн Н.Анхзаяа нийтийн цахим өргөдөл гаргасан бөгөөд үүнд 30 мянга гаруй хүн гарын үсэг зурснаар УИХ-аас тухайн асуудлыг судалж шийдвэрлэх ажлын хэсэг байгуулсан билээ. Гэвч ажлын хэсэг чухам ямар дүгнэлтэд хүрсэн нь тодорхойгүй, Нарансэвстэй тойрсон асуудал таг чиг байсаар өнөөдрийг хүрсэн юм.
Тэгвэл “Монголын байгаль орчны иргэний зөвлөл”, “Хавтгай мазаалай, их говийг хамгаалах” төрийн бус байгууллага хамтран “Алтайн өвөр говио хамгаалъя” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн ням гарагт зохион байгуулав. Ажлын хэсэгт багтсан хүмүүсээс УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Ж.Золжаргал нарт хэлэлцүүлэгт оролцох урилга илгээснээс хоёр нь очсон байна. УИХ-ын гишүүн Ж.Золжаргал энэ үеэр “Ажлын хэсэг дүгнэлт, шийдвэрээ гаргахаасаа урьтаад газар дээр нь ажиллана.
Нутгийн иргэд, олон нийтийн саналыг харгалзан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалтнуудтай энэ асуудлаар тухайлан ярилцана. Цахим өргөдөлд хариу өгөх хугацаа болсон” хэмээн мэдэгджээ. Хэлэлцүүлэгт Говь-Алтай аймгийн Алтай, Цогт, Эрдэнэ, Баянхонгорын Баян-Өндөр, Шинэжинст сумын иргэд оролцож, Алтайн өвөр говийн экосистемийг хамгаалж үлдэх шалтгаан, одоогийн нөхцөл байдал, байгаль хамгааллын чиглэлээр орон нутагт хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгчээ.
Н.Мишээл