Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад “Ирээдүй” хэмээх төслийг “JCI Дорнод” байгууллагаас зохион байгуулж эхэлжээ. Уг төслийн хүрээнд ахлах, дунд ангийн сурагч¬дын дунд ус уух, өөрийн эзэмшлийн усны савтай байхын ач тусыг ойлгуулж, мэдээлэл өгч байгаа аж. “JCI Дорнод” салбар байгууллагаас явуулсан судалгаагаар тус аймгийн өсвөр насны хүүхдүүдийн дунд усны хэрэглээ дутмаг гэсэн дүн гарсан гэнэ. Хамгийн ноцтой нь хүүхдүүд дэлгүүрт худалдаж буй савласан усыг дундаа дамжуулан хэрэглэдэг гэсэн байна.
Дорнод аймгийн 1600 гаруй сурагч оролцсон судалгаанд ердөө 288 сурагч өөрийн гэсэн усны сав авч явдаг гэж хариулжээ. Үүнд тус байгууллагынхан дүгнэлт хийж, нэн тэргүүнд “My bottle-My health” хөтөлбөрийг зохион байгуулж эхэлсэн гэнэ. Эрүүл, эерэг ирээдүйг бий болгоход хувь нэмрээ оруулах, хуванцар савны хэрэглээг багасгах, байгаль орчинд ээлтэй дадал хэвшүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой уг төслийн хүрээнд одоогийн байдлаар Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн 500 гаруй сурагчид цэвэр усны сав бэлэглэж, усны хэрэглээний талаар мэдлэг, ойлголтыг өгөөд байна.
“Хүүхдүүд усны саваа ам дамжуулан хэрэглэж байгаа нь хоол боловсруулах замын олон төрлийн эрсдэл, өвчин үүсгэх аюултай. Бид хүүхдүүдэд зөвхөн усны сав өгөөд зогсох¬гүй тогтмол хэрэглэх, хэрхэн цэвэрлэх, хам¬гийн гол нь зуршил болгох нөлөөллийн ажлыг бас давхар хийж байгаа” гэж “JCI Дорнод” салбар байгууллагын “Ирээдүй” төсөл хариуцсан захирал Ш.Дэлгэрсайхан ярьжээ. Цаашид тус аймгийн бүх сургуулийн сурагчийг энэ хөтөлбөрт хамруулж, сайн туршлагыг бусад аймагт түгээн дэлгэрүүлэхийг зорьж буй гэнэ.
Г.Орчлон