Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-ийн буцалтгүй тусламжаар нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн дотуур байранд Хүүхэд хөгжлийн танхим байгуулжээ. Тодруулбал, хөвгүүд болон охидын дотуур байранд тус бүр Хүүхэд хөгжлийн танхимыг байгуулж, ялгаатай хэрэгцээнд тохирсон сургалт, хөгжлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Ингэснээр хүүхдүүдэд бие даан суралцах, олон талаар хөгжих, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлж өгчээ. Тус сургуульд орон нутгаас сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд ирж суралцдаг тул дотуур байр хамгийн чухал юм. Улсын хэмжээнд ганцхан байдаг тус сургуульд энэ хичээлийн жилд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 253 сурагч хичээллэж буй аж. Тэдгээр хүүхдэд 145 багш, ажилтан боловсрол олгож, хөгжлийн болон сэргээн засах, дэмжих үйлчилгээ үзүүлж, ерөнхий боловсролын бусад сургуулийн багш нарт зөвлөн тусалж байна. Өөрөөр хэлбэл, тусгай сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгохын зэрэгцээ ердийн сургуулийн багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэхээр хуульчилсан билээ. Ташрамд дуулгахад, манай улсад сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 12 мянга гаруй хүн байгаагийн 3000 орчим нь Улаанбаатар хотод амьдарч байна. 29 дүгээр сургуульд жилд дунджаар 260 орчим хүүхэд суралцдаг аж.
Ч.Болор