Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)- ийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд 2025” улсын гуравдугаар олимпиад өчигдөр өндөрлөв. Олимпиадыг гурван үе шаттай зохион байгуулсан бөгөөд энэ удаа 239 сурагч бүртгүүлснээс I шатанд 188 сурагч онлайнаар оролцож, 20 нь тунажээ. Тодруулбал, эхний шатанд математик, физик, хими, мэдээллийн технологи хичээлийн онолын суурь мэдлэг, инженерийн сэтгэх чадварыг сорьсон даалгаврыг, дараа нь тодорхой өгөгдсөн нөхцөл бүхий инженерийн тооцоонд суурилсан зохион бүтээх гэрийн даалгаврыг гүйцэтгэсэн гэнэ. Харин сүүлийн буюу III шатанд инженерийн тооцоолол, байгалийн ухааны ба мэдээллийн технологийн мэдлэгт суурилсан зохион бүтээх ажлыг ШУТИС-ийн лабораторид гүйцэтгэсэн байна. Энэ шатанд шалгарсан хүүхдүүд элсэлтийн шалгалт өгч, тус сургуулийн Элсэлтийн журамд заасан босго онооны болзлыг хангасан тохиолдолд хүссэн мэргэжлээрээ элсэн суралцах урилга авах аж. Өөрөөр хэлбэл, тэргүүн байр эзэлсэн нэг сурагч сургалтын төлбөрийн 100, дэд байрт хоёр сурагч 70, гуравдугаар байрт бичигдсэн гурван сурагч 50 хувийг хөнгөлөлтэй үнээр сурах гэнэ. Уг тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдаас ирээдүйн инженерүүдийг “олох”, ШУТИС-д тэтгэлгээр суралцах боломж олгох зорилготой аж. Тухайлбал, өнгөрсөн онд уг олимпиадад 422 хүүхэд бүртгүүлж, эхний шатанд 262 нь оролцож, аваргын төлөө 24 сурагч шалгарсан байна. Тэд бүгд ШУТИС-д элссэн аж. Харин энэ онд 239 сурагч оролцсоноос 20 хүүхэд III шатанд шалгарчээ. Шилдэгт үлдсэн хүүхдийн тоогоор Өвөрхангай, Хэнтий, Хөвсгөл аймаг болон Баянзүрх дүүрэг тэргүүлж байна. Эдгээр газраас тус бүр гурван хүүхэд ирээдүйн инженерээр шалгарчээ.
Ч.Цэлмэг