Төр засгийнхны хэлж, “тунхаглаж” буйгаар бол 2025 он эгэлгүй, их ажил, бүтээн байгуулалт ундарсан онцгой жил ажээ. Засгийн газар энэ оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгож зарласан бол нийслэл хот бүтээн байгуулалтыг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг, Боловсролын яам багшийн ёс зүйг, Нийгмийн даатгалын ерөнхий газар даатгуулагчдыг, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зохистой хөдөлмөр эрхлэлтийг, Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Түүнчлэн Ерөнхийлөгч 2025 оныг Ахлах офицерын жил болгож “өмчлүүлсэн” бол Батлан хамгаалах яам Эх оронч монгол, их сэргэлтийн жил хэмээн зарлажээ. Өнгөрсөн оныг бүсчилсэн хөгжил, нийгмийн эрүүл мэнд, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгож байв. Харин ирэх оныг боловсролыг дэмжих, бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил болгохоор төлөвлөснөө Засгийн газар зарласан.
Манай улсын төрийн байгууллагууд яг ийм байдлаар утга учиргүй уриа лоозон дэвшүүлж, цаг хугацаа, хөрөнгө санхүүгээ гарзаддаг явдал сүүлийн жилүүдэд утгаа алдлаа. Утга учиргүй хэмээн тодотгосны шалтгаан нь тэд дэвшүүлсэн санаачилга, зорилтынхоо хүрээнд бодитой, нийгэмд ач холбогдолтой ажил ер хийхгүй байна. Хэрэв төрийн байгууллагынхан “дэмжих жил” болгож зарласан тухайн нэг асуудлаар үр дүнтэй, хэрэгтэй зүйлс хийж, ахиц дэвшил гаргадаг байсан бол Монгол Улс өдийд хөгжлийн манлайд хүрч, тулгамдсан олон бэрхшээлээсээ салчихаар хугацаа хэдийн өнгөрсөн. Даанч тэд нийгэмд, нийтийн өмнө тулгамдсан аливаа асуудалд анхаарч буй мэт дүр эсгэн шүүрч аваад, шалдар булдар хурал, хэлэлцүүлэг хийсэн болж аргацаагаад, “Таны, та бүхний төлөө ажиллаж байна” хэмээн тархи угаах зууртаа татвар төлөгчдийн мөнгийг гарынхаа салаагаар урсгадаг нь харамсалтай.
ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СУРТАЛЧИЛГААНААС ХЭТРЭХГҮЙ БАЙНА
Төрийн байгууллагууд Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай уялдуулан, төрийн үйл¬ чилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тодорхой нэг нийгмийн бүлэг, салбарыг дэмжих зорилгоор ийм санаачилга гаргах нь хууль, эрх зүйн хүрээнд нээлттэй. Төрийн үйлчилгээний хүртээмж муу, ил тод байдал дутмаг, салбар бүрд хүнд суртал, авлига газар авсан манай оронд энэ чиглэлээр ажиллах хэрэгцээ, шаардлага өндөр. Гэвч бодит байдалд төрийн байгууллагууд “дэмжих жил”-ээр хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах, сурталчилгаа хийхээс илүү гарахгүй байна. “Монголд дэндүү их хурал, зөвлөгөөн болдог” гэдэг шүүмжлэлийн нэг шалтгаан нь ч энэ боллоо. Өнөө жил гэхэд дээрх санаачилгуудын хүрээнд хэчнээн хурал, хэлэлцүүлэг хийж буй юм, бүү мэд. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамныхан залуучуудын хөгжлийг дэмжих сэдвийн дор чуулган, хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалт гээд байж болох бүхнийг зохион байгууллаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас дэвшүүлсэн санаачилга, уриалгын хүрээнд дүүргүүд “Хамгийн сайн халамж хөдөлмөр эрхлэлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг харьяа нутаг дэвсгэртээ ээлж дараалан хийж байна. Яам нь ч шинэ боломж танилцуулах өдөрлөг, сургалт зохион байгуулсан. Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан “даатгуулагчдыг дэмжих”-ээр ажлын хэсэг байгуулж, дүүргүүд дэх салбар нэгжүүддээ томилон ажиллуулж, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзуулж буй гэнэ. Манайд хурал, хэлэлцүүлэг ямархуу “стандарт”-тай болдог, үүний мөрөөр дараа нь юу хийдэг вэ гэдгийг уншигчид гадарлах тул энэ бүхний ач холбогдол, үр нөлөөний талаар илүүг нурших шаардлагагүй биз. Үгүй ээ, мөн завтай, хийж, хэлэхээ олж ядсан улс шүү.
ГОЛ АЖЛАА Л ХИЙЕ
Энэ оны “тунхагууд”-ыг харахад яалт ч үгүй нийгмийн чухал, тулгамдсан асуудлууд байна. Залуучуудын хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийслэл хотын дэд бүтэц, бүтээн байгуулалт, багш, сурган хүмүүжүүлэгчдийн ёс зүй, даатгалын үр өгөөж, хүртээмж гээд дандаа л бидний хөнддөг, шийдэл нэхсэн асуудлууд. Өнөөдөр, маргааш “барьж аваад” шийдчих боломжтой нь ч энэ дунд бий, хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт, шинэчлэл хийж байж дунд, урт хугацаандаа үр дүн гаргах нь ч байгаа. Харин төрийн байгууллагынхан гарц шийдэл эрэлхийлэх нэрийдлээр гол ажлуудаа тойрч гүйсээр, эсвэл бодлого, зорилттойгоо харшилсан зүйлс хийсээр. Ингэснээрээ асуудалд анхаарч, санаа тавьж байгаа мэт ойлголт, мессежийг иргэд, олон нийтэд өгч тайвшруулчхаад, цаад мөн чанар, бодит байдлыг бүдгэрүүлж байдаг нь хамгийн хорлонтой.
Нийслэлийнхэн 2025 оныг Бүтээн байгуулалтын жил болгож зарласнаа дэд бүтцийн хөгжлийг дэмжих, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилготой гэж тайлбарласан. Гэвч ачир дээрээ байгаль орчин, түүх, соёлынхоо өвд халдсан, иргэдийн амьдрах орчин, ахуй амьжиргааг дордуулсан ажлууд хийж, нийслэлчүүдийг бухимдуулах болсон. Үерийн хамгаалалтын байгууламж нэртэй, Дунд, Сэлбэ голын экосистемийг сүйтгэсэн бетонон хана, Улаанбаатар хотын ой санамж, түүх, соёлын өв болсон барилга (нийслэлийн ЗДТГ-ын гурван давхар)-ын суурин дээр олон улсын зочид буудал барих төсөл гээд дурдвал өчнөөн. Олон хүнийг амьжиргааных нь эх үүсвэрээс салгасан ТҮЦ буулгах “кампанит” ажил ч үүний нэг жишээ. Харин яг бодитоор иргэдийн амьдрах орчныг сайжруулах, түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой хийсэн зүйл нийслэлийнхэнд нэгээхэн ч алга.
Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан даатгуулагчдыг яаж дэмжиж байна вэ. Иргэд татвар, шимтгэлийн дарамтаас өндийхгүй байгаагаа ярьж, шүүмжлэхээр “Нийгмийн даатгал бол эрсдэлгүй, аюулгүй амьдралын баталгаа. Үүнийг төлснөөр иргэд ажилгүй болсон, өвдсөн, жирэмсэн, амаржсан үедээ буюу хэрэгтэй цагтаа олон төрлийн тэтгэмж авах боломжтой” хэмээн сурталчилдаг хэрнээ цагаа тулахаар “Санхүүжилт байхгүй” гээд ажилгүйдлийн, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нь ч хугацаанд нь өгдөггүй юм билээ. Ажилтан, ажил олгогчоос давхардуулан авдаг 24-26 хувийн шимтгэлийн хэмжээг толгой мэдэн бууруулах эрх та бүгдэд байдаггүй юм гэхэд ядаж энэ “татвар”-ыг үнэнчээр хэдэн арван жил төлсөөр ирсэн хүмүүст шаардлагатай үед тэтгэмжийг нь түргэн шуурхай, төвөг чирэгдэлгүй олгоход анхаарч болмоор санагдана. Даатгуулагчдыг үүнээс өөрөөр яаж дэмжих билээ. Наад захын ийм асуудлаа шийдэж чадахгүй байж элдэв уриа лоозон дэвшүүлэх хэрэг байна уу.
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА НҮБ, ЮНЕСКО, ДЭМБ зэрэг олон улсын байгууллагууд тодорхой нэг асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулах, шийдэх зорилгоор бие даан, эсвэл гишүүн орон, байгууллагуудтайгаа хамтран “сэдэвчилсэн жил” зарладаг. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сан 2024 оныг Хүүхдийн ирээдүйн төлөв байдлын онцлох жил хэмээн зарлаж, бидний ирээдүй хойчид нөлөөлж буй гурван гол хүчин зүйлд онцгой анхаарал хандуулахыг дэлхий нийтэд уриалсан. Үүнд хүн ам зүйн өөрчлөлт, уур амьсгалын болон байгаль орчны хямрал, дэвшилт технологийн нөлөө зэргийг багтаасан юм. Эл санаа¬ чилгын хүрээнд НҮБ болон түүний гишүүн орон, байгууллагууд стратеги төлөвлөгөө боловсруулж, өнгөрсөн жилийн турш хамтарсан төсөл хэрэгжүүлэн, судалгаа хийж, нөлөөллийн кампанит ажил өрнүүлсэн билээ. Одоо ч ийм ажлууд үргэлжилсээр байгаа.
Мөн НҮБ-ын Ерөнхий ассемблей 2025 оныг Хамтын ажиллагааны олон улсын жил болгосон. Энэ нь хамтын ажиллагааны байгууллагуудын нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх, оролцоог сайжруулах зорилготой. Түүнчлэн НҮБ 2024-2033 оныг Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухааны олон улсын 10 жил болгосны дагуу улс орнууд энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр идэвхтэй хэрэгжүүлж, тогтвортой хөгжилд хүрэхэд шинжлэх ухааныг ашиглах арга замыг эрэлхийлж буй. Олон улсын бичиг үсгийн, Олон улсын биологийн төрөл зүйлийн жил зэрэг дэлхий дахинд бодитой өөрчлөлт, шинэчлэл авчирсан санаачилга цөөнгүй. Энэ чиглэлийн ажлуудыг голдуу нийгмийн анхаарлыг татах-бодлогын өөрчлөлт авчрах гэсэн шат дараалалтайгаар, стратеги төлөвлөгөө боловсруулах-сургалт, семинар, хурал зохион байгуулах-хамтарсан төсөл, судалгаа хэрэгжүү¬ лэх-нөлөөллийн кампанит ажил өрнүүлэх- санхүүжилт, дэмжлэг босгох-бодлого, эрх зүйн шинэчлэл хийх гэсэн арга замаар хэрэгжүүлдэг аж.
Манайд бол “дэмжих жил”-үүд төрийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах ганцхан зорилготой, хурал, зөвлөгөөн хийхээс хэтрэхгүй үр дүнтэй байна. Энэ болгоны цаана төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөний “тоолуур” гүйж байдгийг мартаж болохгүй. 2025 онд дэвшүүлсэн энэ олон зорилт, санаачилгын хүрээнд гавьтай зүйл юу ч хийгээгүй байтал жилийн эхний хагас юу юугүй шувтрах нь. Манай улс ирэх оныг Бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил болгож зарласан. Өнгөрсөн жилээс эхлэн үүнийгээ зарлаж, НҮБ-аас “зөвшөөрөл” авах гэж бөөн ажил болсон. Ингэж сүр үзүүлж, олон улсад үүрэг, амлалт өгчхөөд юу хийж, холиох бол гэхээс ичих, эмээх мэдрэмж төрнө. Дорвитойхон шиг л ажил хийгээсэй билээ.
Н.Мишээл