Монгол орны хэмжээнд ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглалыг өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар гаргасныг Ойн газраас танилцуулав. Нийт нутгийн 24.1 хувь нь бага, 8.8 хувь нь дунд, 5.1 хувь нь өндөр, 4.6 хувь нь нэн өндөр эрсдэлтэй гарсан байна.
Тус зураглалд 2000-2024 онд гарсан ой, хээрийн түймрийн голомтын байршлын тархалт, давтамж болон аюулын зэрэг, газрын бүрхэвчийн зураглал, хуурайшилтын индекс зэрэг түймрийн эрсдэлийн үзүүлэлтүүдийг хосоор харьцуулах матрицын аргад суурилан нэгтгэн гаргажээ. Үүнээс харахад зүүн аймгуудад түймрийн эрсдэл хамгийн өндөр байна. Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 11 аймгийн 50 сум, нийслэлийн хоёр дүүрэгт ой, хээрийн 74 түймэр бүртгэгджээ. Үүнийг сүүлийн таван жилийн мөн үеийн дундажтай харьцуулахад 38 хувиар өссөн дүн болохыг ОБЕГ-аас мэдээлсэн юм.
Өчигдөр 18.00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Хэнтий аймгийн Батширээт сумд ой, хээрийн түймэр гурван удаа гарсан байна. Батширээт сумд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраасан бол Сэлэнгэ аймгийн болон Богдхан уулын оройд гарсан шар өвсний түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байв.
Ч.Туяа