Мексик улсад болж буй шайбтай хоккейн насанд хүрэгчдийн III дивизионы ДАШТ-д Монголын хоккейн үндэсний шигшээ баг тамирчид Гавьяат дасгалжуулагч А.Мэргэн, Гавьяат тамирчин Н.Мишигсүрэн, ОУХМ М.Отгонбаяр нар удирдлагад эхний тоглолтоо Филиппиний шигшээтэй өрнүүлж, 13:7-оор буулган авав. Манайхан эх орондоо 2023 онд зохион байгуулсан IV дивизионы ДАШТ-д тэдэнтэй оноо тэнцэн цаг сунгаж тоглохдоо 6:7-оор хожигдсон бол энэ удаа даагаа нэхэж, Мехико хотын мөсөн талбайд амжилтаа ялалтаар эхлүүлж байна. Монголын баг хоёр дахь тоглолтоо Сингапурын хоккейчидтэй өрнүүлнэ. Монголын баг Кувейт улсад өнгөрсөн жилийн тавдугаар сард болсон IV дивизионы ДАШТ-д Индонезийн багийг 9:3, Кувейтийнхийг 5:2, Малайзынхыг 14:2оор хожиж, III дивизионы ДАШТ-д оролцох эрх авсан юм. Хоккейтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Гавьяат дасгалжуулагч, Монголын хоккейн холбоог үүсгэн байгуулагч, спортын мастер Л.Сандагдорж агсны нэрэмжит ахмадын (60+) хоккейн АШТ-д дөрвөн баг оролцлоо. Тэднээс “Дархан”-ын тоглогчид тэргүүн байрын төлөө “Сандагдорж” багийнхантай өрсөлдөж, есөн оноогоор түрүүлж, “Алтан-од”-ын тамирчид хүрэл медаль хүртсэн юм. Тэмцээний шилдэг хаалгачаар С.Ундармаа (“Алтан-од”), шилдэг хамгаалагчаар Н.Авидбаатар (“Tigers”), шилдэг довлогчоор Л.Чинзориг (“Дархан”) шилдэг тэгш тоглогчоор А.Баатар (“Сандагдорж” баг) шалгарчээ. Тус тэмцээнд Дархан-Уул аймгаас оролцсон “Дархан” багийнхан шилжин явах цом гардсанаар дараагийн тэмцээн болтол хадгалах эрхтэй боллоо.