“Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагынхан нийслэл болон холбогдох яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Сэлбэ сэргэлт” төслийн төсөв, хөрөнгө оруулалт, төлөвлөгөө зэрэгт дүн шинжилгээ хийж, муу дүн тавиад буй. Тухайн төсөлтэй холбоотой, төрийн цахим системд зайлшгүй байх ёстой чухал баримт, мэдээллүүд ил тод бус, зарим нь олдохгүй байгааг тэд олон нийтэд мэдээлсэн юм. Тэгвэл тус байгууллагынхан Сэлбэ, Дунд гол дагуу барьж буй үерийн далангийн бүтээн байгуулалтын зардал, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендер шалгаруулалттай холбоотой мэдээллийг цахим системд байршуулж, ил тод болгох хүсэлт бүхий албан бичгийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт илгээжээ. Мөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын болон Худалдан авах ажиллагааны газарт энэ асуудлаар хандсан байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар мэдээлэл хариуцагч төрийн байгууллага төсөв, санхүү, худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгах үүрэгтэйг “Монголын залуучуудын эвсэл”-ийнхэн онцлов.
Ж.Сувд