Хөвсгөл нуурын зүүн эрэг орчмоос дотогшоо түрж байршсан хадан хошууг нутгийн иргэд нь Сомо сарьдаг гэдэг бол монголчууд Хүслийн хад хэмээх нэрээр нь сайн мэддэг. Хүсэл биелүүлэх онцгой увдис, энергитэй гэлцдэг, хоймор нутагт очсон жуулчин бүр хөл тавьдаг эл хадны төв цэгт аялал жуулчлалын “Хүслийн хад” цогцолбор байгуулах тухай мэдээлэл хоёр жилийн өмнө тархаад, олон нийтийн шүүмжлэл, унтууцалд дарагдан намжсан билээ.
Тэгвэл Хөвсгөл аймгийн ЗДТГ эл цогцолборыг ирэх зургаадугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж буйгаа зарлаж, “гэнэтийн бэлэг” барилаа. Өдгөө ажил нь шувтарч буй бөгөөд жуулч¬ дад зориулсан явган хүний зам, сүүдрэвч, түр амрах цэг, завины зогсоол, худалдаа, үйлчилгээ эрхлэх талбай, ариун цэврийн байгууламж бүхий цогцолбор байгуулахад 1.5 тэрбум төгрөг зарцуулсан гэх. Орон нутгийн засаг захиргааны байгууллагынхан нь жуулчдын аюулгүй байдлыг хангасан бүтээн байгуулалт хийлээ гээд хөл хөөрцөг болоод, гайхуулаад сүйд. Ийм цогцолбор байгуулах талаар ярьж эхэлсэн үеэс байгаль орчны салбарынхан ямар асуудал хөндөж, эсэргүүцэж байсныг тэд ор тас мартсан бололтой. Жуулчдыг татна, хамгаална гээд хадан хясааны ойр орчмыг цементэлдэг улс дэлхийд үгүй болов уу.
Тэр тусмаа эко аялал жуулчлалын бүс болгохоор зорьж буй газартаа, байгалийн өвөрмөц тогтцыг нь бүдгэрүүлэн байж ийм ажил хийх хүмүүс биднээс өөр бий юү. Бодлого, шийдвэр гаргадаг хүмүүс энэхүү ажлыг дэмжсэн шалтгаанаа Хүслийн хад орчмыг цэгцлэх зорилготой гэж тайлбарласан. Харин учир мэдэх хүмүүс үүнийг эсрэг үр нөлөөтэй гэж болгоомжилж буй. Цогцолбортой холбоотойгоор тийшээ чиглэсэн жуулчдын хөл хөдөлгөөн нэмэгдэх нь гарцаагүй. Үүнийг дагаад эмх замбараагүй байдал үүсэх, байгаль орчин бохирдох, иргэд осолдож бэртэх эрсдэл ч нэмэгдэнэ. Харин хөвсгөлчүүд энэ бүхнийг зөв менежментээр зохицуулж, анхаарал, хяналтдаа байлгаж чадах болов уу.
Ж.Энх