Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобус худалдан авч, парк шинэчлэлт хийж буй аж. Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах гэнэ. Тэгвэл өчигдрөөс БагахангайУлаанбаатар чиглэлд эхний автобусыг цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явуулж эхэлжээ. Тус дүүргийн Засаг дарга А.Сүхболд “Манай дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээг хувийн аж ахуйн нэгж гүйцэтгэж байсан. Эрэлт их, хүртээмжгүй байв. Иргэдийг ая тухтай, аюулгүй автобусаар зорчих боломж олгож, олон улсын стандарт хангасан автобусаар үйлчилж буйд баяртай байна” гэв. Хотын төвөөс 90 гаруй км-т алслагдсан тус дүүрэг рүү автобус өдөрт гурван удаа эргэлт хийх бөгөөд Баянзүрх дүүрэг дэх “Тэнгэр плаза” худалдааны төвөөс өдөр бүр 11.00, 15.30, 19.30 цагт Багахангай руу хөдлөх аж. Харин Баганхангайн автобусны буудлын эцсийн зогсоолоос 09.00, 13.30, 17.30 цагт хотын төв рүү зорчих юм байна. Том хүн 8000, хүүхэд 4000 төгрөгөөр зорчих гэнэ.
Ч.Болор