Монголд загасчлалыг спортын чиглэлээр хөгжүүлэхээр Монголын бүжгийн спортын холбооны ерөнхийлөгч, олон улсын бүжгийн спортын дасгалжуулагч А.Мөнгөнхуяг хобби, санаа нийлсэн залуустай хамтран Монголын загасчлалын спортын холбоог 2013 онд байгуулсан гэдэг. Тэд олон улсын загасчлалын спортын холбоо (ФИПС)-нд элсэх хүсэлт тавьснаар тэр жил АНУ-ын Висконсин мужийн Восо хотод хоёрдугаар сарын 16-17-нд зохион байгуулсан 10 дахь удаагийн мөсний загасчлалын ДАШТ-д оролцох урилга хүлээн авчээ. Ингэснээр Монголоос зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг дэлхийн шилдгүүдтэй анх удаа өрсөлдсөн түүхтэй. Тус тэмцээнд загасчлах спортын “Nomads fishing”, “Fishing buddy”, “Fishing brothers” клубийн тамирчид оролцсон байдаг. Манайхан тэр жил дэлхийн аваргад VIII байрт шалгарч, “Nomads fishing” клубийн Б.Оюунболд хувийн дүнгээр шилдэг 60 тамирчнаас эхний наймд бичигджээ. Тэгвэл Литва улсын Шяуляй хотод энэ сарын 18-19-нд зохион байгуулсан “FIPSed 2022”мөсний загасчлалын ДАШТ-д 61 орны тамирчид өрсөлдөхөд Монголын “Captain” багийнхныг Т.Эрдэнэчулуун ахалж оролцлоо. Тэрбээр өмнө нь 2014-2020 онд дээрх тэмцээнд оролцохдоо А хэсгээс шалгарч байсныг өмнө нь дурдсан. Энэ удаа манайхан Азиас багийн чансаагаар VI байрт жагсаж, эх орондоо энэ спортыг өндөр хөгжүүлсэн Эстони, Латви, Норвег, Финланд, Швед зэрэг улсын тамирчдыг ардаа орхив. Хувийн дүнгээр С.Хүсэлжаргал 12, Б.Мөнхтөр 33, Б.Балхүү 34, Г.Зоригтбаатар 39, Н.Чинбат 43 дугаар байр эзэлжээ. Тэмцээн эхлэхийн өмнө цаг агаар муудаж, мөсний зузаан нь нимгэрсэн тул товлосон хугацааг наашлуулж, энэ сарын 19-нд багтаан явуулсан байна.
Бэлтэгсэн Г.Цэцэг