– Олимпын дуулианууд -
Энэ удаагийн олимпын наадмын үеэр олны анхаарлыг татсан гол дуулиануудын эргэн тойронд болсон үйл явдлуудыг хүргэе.
ТАМИРЧДЫН ХООЛНЫ ЧАНАР АСУУДАЛ ДАГУУЛАВ
Бээжинд ирээд коронавирусийн хоёр шинжилгээ нь эерэг гарсны улмаас хөл хорионд орсон ОХУ-ын биатлонч В.Васнецова “Бээжин-2022”-ын анхны шуугианыг тарьж байв. Хөл хорионд хэд хоног суусан Валерия зохион байгуулагчдыг маш муу хоол өгч байна хэмээн гомдоллосон. “Маш их турж, яс арьс боллоо. Гэдэс минь ч өвдөж байна. Энэ бүхэн хурдан дуусаасай. Би өдөр бүр уйлж байна. Бас асар их ядарлаа” хэмээн тэрбээр өгүүлсэн юм. Улмаар зохион байгуулагчид хөл хорионд буй тамирчдын хоолны чанарт анхаарахаа амлаж байв.
МАСКТАЙ ХОККЕЙЧИД
Канадын эмэгтэй хоккейн баг ОХУ-ын багийн нэгэн тамирчны шинжилгээ эерэг гарсны улмаас тоглохоос татгалзсан. Үүний улмаас хоёр багийн тоглолт эхлэлгүй, үзэгчдийг цаг гаруй хүлээлгэсний эцэст мөсөн талбайдаа гарч ирсэн юм. Хоёр багийнхан нэгэн шийдэл олсон нь бүгд тоглолтын турш амны хаалт зүүх байв. Орос бүсгүйчүүд хоёрдугаар үеийн сүүлчээс маскаа тайлсан бол канадууд тоглолт дуустал амны хаалттай байжээ.
ШҮҮГЧДИЙН БУДИЛААН
Олимпын үеэр Хятадын шорт-трекийн тамирчидтай, бүр тодруулбал, шүүгч нартай холбоотой хэд хэдэн дуулиан гарсан. Тэмцээний явцад шүүгч нар Хятадын багийнхны алдааг нүдээ аньж өнгөрүүлсэн хэрнээ өрсөлдөгч нарыг нь хайр найргүй шүүж, өрсөлдөөнөөс хасаж байлаа. Ийм эргэлзээтэй шүүлт 2000 метрийн буухиа, эрэгтэйчүүдийн 1000, эмэгтэйчүүдийн 500, эрэгтэйчүүдийн 5000 метрийн буухиа уралдааны үеэр ажиглагдсан юм.
ХУВЦСАА ШАЛГА
Трамплинаас үсрэлтийн төрөлд медалийн төлөө өрсөлдөх боломжтой хэд хэдэн багийн тамирчдын оролдлогыг тун ялихгүй шалтгаанаар буюу комбинзон нь дүрмийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тэглэсэн. Шүүгчдийн эл хатуу чанд шаардлагын золиос нь Австри, Япон, Герман, Норвегийн хүчирхэг багууд болж, медалийн тавцанд гишгэж чадаагүй юм.
СЭРГЭЭШИЙН ЭЗЭД
Ямар ч олимпын наадмын үеэр яригддаг нэг гол асуудал бол сэргээш. Сэргээшийн шалгалтад бүдэрсэн эхний тамирчин нь Ираны уулын цаначин Х.Саве-Шемшаки байсан. Түүний араас цаначин В.Каминская, бобслейчин Л.Гунько (хоёул Украин), уран гулгагч Л.Баркеро (Испани) нар “баригдав”.
К.ВАЛИЕВАГИЙН ДРАМ
“Бээжин-2022” олимпын хамгийн их яригдсан, хамгийн ээдрээтэй үйл явдал нь ОХУ-ын уран гулгагч К.Валиевагийн сэргээшийн асуудал байлаа. 2021 оны арванхоёрдугаар сард Камилагийн өгсөн шинжилгээний хариу эерэг гарсан гэсэн шалтгаанаар уран гулгалтын багийн тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагааг хойшлуулсан. Улмаар олимпын үеэр Спортын арбитрын шүүхийн явуулын комисс хуралдан, К.Валиеваг ганцаарчилсан төрөлд оролцохыг нь зөвшөөрсөн шийдвэр гаргасан юм. Гэвч өөрийг нь тойрсон дэндүү их шуугиан, дарамт, хэл амыг орос охин тэсэж чадаагүй. Тэрбээр түрүүлэх боломжтой байсан ч дөрөвдүгээр байрт шалгарсан билээ.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар