Цэргийн байгууллага хүний эрхийн зөрчил гарсаар байна. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболдоос дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоох ямар ажил хийснийг тодрууллаа.
-Цэрэгт явсан залуус эрэмдэг болж байна. Харамсалтай нь, зарим тохиолдолд эргэж ирэхгүйгээр хорвоогоос буцсаар. Энэ бүхэн цэргийн байгууллагад хүний эрхийн зөрчил ужгирсаны илтгэж байх шиг. Та бүхэн үүнд хяналт шалгалт хийв үү?
-Зэвсэгт хүчний анги байгууллагад өмнөх жилүүдэд хяналт шалгалт хийж, дүрмийн бус харилцаа, хүнлэг бус харилцаа газар авсныг тогтоож, шаардлага зөвлөмж өгч байсан. Улмаар цэргийн дэглэлт хүнд хэлбэртэй, ужгирсан хэмээн үзэж тодорхой арга хэмжээг ч авсан. Зэвсэгт хүчний ангиудад хүний эрхийн сургагч багш бэлтгэж өгсөн. Тэд цаашаа анги нэгтгэлээ мэдээллээр хангаж, хүний эрхийн ойлголт өгч, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй. Гэвч өнгөрсөн жил, энэ сард гарсан хэргүүдээс харахад Зэвсэгт анги, байгууллагуудад дэглэлт, зүй бус харилцаа огт арилаагүй юм байна. Үүнээс үүдэн шаардлага дахин хүргүүллээ.
-ЗХЖШ-аас мэдээлэл хийхдээ шаардлага, зөвлөмжид тусгасан ажлуудыг бүрэн биелүүлсэн гэж хэлсэн.
-Цэргүүд нэгнээ дэглэж, зүй бус харилцаж буй дүрс бичлэг цахим орчинд тархсан. Тиймээс 2021 оны гуравдугаар сарын 2-нд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригт албан бичиг хүргүүлж, зөрчлийг арилгаж, хариу өгөхийг шаардсан. Угаас цэргүүдтэй зүй бус харилцаж болохгүй. Үүнийг тухай бүрт нь таслан зогсоох ёстой. Ийм зүй бус харилцаа гаргасан алба хаагчдад хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Гомдол мэдээллийн нууцлалыг хадгалах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Дээр өгсөн шаардлагын хариу өгөөгүй байна. Хуульд зааснаар ЗХЖШ-аас ямар арга хэмжээ авсан талаараа хариу өгөх үүрэгтэй. Өмнөх шаардлагын хариу ирүүлээгүй байхад хүний амь эрсэдлээ. Тиймээс ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригийг өнөөдөр ХЭҮК-т дуудаж тайлбар авна.