Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн. Гэвч анхан болон дунд шатанд хүүхдийн эрхийг хамгаалах ажил орхигдсон, хуулийг хэрэгжүүлэхгүй байна хэмээн ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан мэдээлэв. Өөрөөр хэлбэл, хөрөнгө санхүү, боловсон хүчний хомсдолоос шалтгаалан хүүхэд хамгааллын ажил орхигдсон гэв. Тэрбээр “Хүүхэд хамгааллын бодлогыг ойлгож, хэрэгжүүлэх, мэдлэг, чадвар, сэтгэлтэй хүн анхан шатны байгууллагуудад ховор байна. Үүнээс болж хүүхдүүд хохирдог. Ахуйн хүрээний архидалт их байна. Эцэг, эх нь гэртээ архидан согтуурсны улмаас хүүхдүүд дайжиж, гэмт хэрэгт холбогдох зэргээр буруу зүйлд уруу татагдсан жишээ цөөнгүй. Тиймээс хүүхэд хамгаалах багийг төсөвтэй болгох, боловсон хүчнийг бэлдэх шаардлагатай. Хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй ажиллах нь нарийн мэдрэмж, ур чадвар шаарддаг. Тухайн нөхцөл байдлыг нь ойлгохгүйгээр хүүхдэд үйлчлэх, гэр бүлд тусламж үзүүлэх ажил үр дүнгүй болно. Түр хамгаалах байр, хамтарсан багийн үйл ажиллагааг хянаж, дүгнэлтийг нь УИХ-д хүргүүлсэн” гэв. Тус дүгнэлтээр хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажлыг үр дүнгүй гэжээ. Ташрамд дуулгахад, хамтарсан баг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх болон Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий, Засаг даргаар ахлуулсан мэргэжилтнүүдээс бүрддэг.
Ч.ТУЯА