Улсын бүртгэлийн ажилтны өдөр тун удахгүй тохионо. Эл өдрийг угтсан, Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ), түүний харьяа байгууллагуудын спортын өдөрлөг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болжээ. Үүний дараа зарим албан тушаалтан нь УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханы өрөөнд архи ууцгаасан гэнэ.
Улмаар ууж согтсон тэд маргалдан Д.Дэлгэрсайхан нь Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төгс-Эрдэнийн эрүүл мэндэд халдсан байна. Энэ сарын 9-ний 00.00 цагийн үед болсон эл зодооны талаар хэн нэг нь цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийнхэн Д.Дэлгэрсайханы өрөөнд цаг гаруйн турш үзлэг шалгалт хийж, байцаалт авсан гэх мэдээлэл бий.