ОХУ-ын Эрхүү хотноо 2024 оны 11 дүгээр сарын 4-7-нд зохиогдсон олон улсын оюутны эрэгтэй сагсан бөмбөгчдийн 5х5 тэмцээнд Монголын оюутны спортын холбооны (МОСХ) урилгаар, доктор, профессор Т.Намнан захиралтай ШУТИС-ийн “Шаркс” багийн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид амжилттай оролцоод эх орондоо ирлээ.
Энэхүү олон улсын оюутны сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан, хагас болон шигшээ тоглолтууд нь доктор, профессор М.В. Корняков ректортой Эрхүү хотын үндэсний шинжлэх ухаан, техникийн их сургуулийн (ҮШУТИС) зааланд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд ОХУ-ын Эрхүү мужаас 4 эрэгтэй шилдэг баг шалгарч орлоо. Үүнд: Эрхүүгийн Улсын их сургууль, ҮШУТИС, зам харилцааны их сургууль, ОХУ-ын спортын их сургуулийн Эрхүү хот дах салбар сургуулийн баг тамирчид уригдан оролцсон байна. Мөн Буриадын БНУ-ын Улсын их сургуулийн баг орсон ба Монголын баг анх удаагаа уригдан оролцсон юм.
Эрхүүгийн тэмцээнд оролцсон Монголын баг тамирчдын ахлагчаар МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, багийн албаны хүнээр ШУТИС-ийн багш Х.Отгон-Эрдэнэ, ахлах дасгалжуулагчаар ШУТИС-ийн багш М.Амаржаргал нар оролцов. ШУТИС-ийн баг тамирчдын бүрэлдэхүүнд довтлон тоглогчоор Л. Сумьяабазар, А. Адьяа, Б. Лхагвадорж, Б.Мөнх-Ундрах, Т.Одхүү, төвийн байрлалд Б. Санчирболд, Г.Үнэнтөгс, А.Мөнгөнчөдөр хамгаалан тоглогчоор Б.Баттүшиг, Э.Цэрэнням, И.Эрдэнэбаяр, Т.Тэмүүлэн нар очсон. Монголын баг уг тэмцээнд сүүлчийн 2 сарын хугацаанд эрчимтэй бэлтгэсэн бөгөөд “Оюутны лиги”-ийн эхний тоглолтоо хийгээд байсан билээ.
ШУТИС-ийн сагсан бөмбөгийн баг нь тус тэмцээний “Б” хэсэгт хоёр багийн хамт орж, эхний тоглолтоо Эрхүүгийн зам харилцааны их сургуулийн багтай хийж 69:48 онооны харьцаагаар хожсон. Тэмцээний эхний тоглолт бүр хүнд байдаг бөгөөд Эрхүү мужийн аварга болж байсан энэхүү хүчтэй багтай тун өрсөлдөөнтэй тоглож, оноо тэнцүү явсан хэдий ч Монголын баг чухал ялалтаа байгуулж чадсан юм.Монголын баг хоёр дахь тоглолтоо Эрхүүгийн Улсын их сургуулийн багийн эсрэг хийн, илт давамгай байдлаар 112:36 онооны харьцаатайгаар дуусгав. Зарим баг өдөрт 2 тоглолт хийсэн ба энэ тоглолтоос нэг тоглолтын өмнө Эрхүүгийн Улсын их сургуулийн багийн 1 тоглолт явагдсан тул тамирчид нь сэргэлт авч чадаагүй, Монголын багт ийнхүү хол зөрүүтэй ялагдсан.
Тэмцээний заавар ёсоор хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан ШУТИС-ийн баг нь шууд “А” хэсгийг нэг ч хожигдолгүй тэргүүлсэн Эрхүүгийн ҮШУТИС-ийн багтай алтан медалийн төлөө тоглов. ШУТИС-ийн баг эхний 2 үеийн тоглолтод талбайн эзэн багт хожигдсон ба 3 дугаар үеэд оноогоо тэнцүүлэн, сүүлчийн үеэд хуод, тоглолтын ур чадварыг үзүүлэн хүчтэй өрсөлдөгчөө 60:48 онооны харьцаагаар буулган авч, алтан медаль хүртэн, цомын эзэн болсон юм. Харин хүрэл медалийг ОХУ-ын спортын их сургуулийн харьяа Эрхүү хот дах салбар сургуулийн шилдэг баг хүртсэн билээ.
Тэмцээний шилдэг тоглогчоор Монголын багийн гурван тоглогч болох Г.Үнэнтөгс-довтлогч, Б. Лхагвадорж- холбон тоглогч, Л. Сумьяабазар нь шилдэгийн шилдэг “MVP” шалгарч, тусгай шагнал хүртлээ.
Ийнхүү тэмцээнд түрүүлсэн Монгол Улсын ШУТИС-ийн “Шаркс” баг нь Оюутны Универсиад наадам, оюутны УАШТ-д дараалан 5 удаа түрүүлж байсан ба Оюутны лигийн 5 удаагийн аварга, 3 удаагийн мөнгө, хүрэл медальт шилдэг баг юм.
ОХУ-ын Эрхүү хотноо явагдсан оюутны сагсан бөмбөгийн олон улсын тэмцээний үеэр МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан нь Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо болон консул Д.Чулуунбаатар нартай уулзаж, Монгол Улс, Эрхүү мужийн биеийн тамир, спортын харилцаа, оюутны спортын тухай, цаашид спортын чиглэлээр хамтран ажиллах асуудлын чиглэлээр уулзаж, Эрхүү болон Ангарск хот дах олимпын нөөц тамирчдыг бэлтгэх дунд мэргэжлийн сургуулийн удирдлагатай уулзаж, тухайн сургуулийн хичээлийн болон спортын байр, “Байкал арена”-гаар зочлин, Монгол хүүхдийг спортод сонгох төслийг хамтран хэрэгжүүлэхээр ярилцсан юм.
Одоогоор Эрхүү мужийн 7 их, дээд сургуульд 500 гаруй оюутан залуус элсэн суралцаж, сайхан уламжлалт найрсаг хамтын ажиллагаа боловсролын салбарт хөгжүүлж байгаа талаар Ерөнхий консул Б.Ичинхорлоо ярив. Удахгүй Ерөнхий консулын газар, Эрхүүгийн оюутны холбоо хамтран “Оюутны спортын наадам”-ыг зохион байгуулах, сагсан бөмбөгийн оюутны шигшээ багийг бүрдүүлэх, шилдэг баг тамирчдаа Москвад болох ОХУ-ын тэмцээнд дэмжин оролцуулах төлөвлөгөөтэй байгаа талаараа ярилцсан юм.
Мөн МОСХ-ноос Эрхүү хотын үндэсний шинжлэх ухаан, техникийн их сургуультай хамтран 2025 оны 03 дугаар сарын эхний хагаст Байгаль нуурын эрэг дах Максимиха хотноо бөмбөгтэй хоккейн олон улсын тэмцээнийг зохион байгуулахаар тохирч, Эрхүү мужийн сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах талаар ярилцлаа.