Соёлын яамныхан болон хариуцсан сайд нь монголчуудыг, ялангуяа хүүхэд, залуусыг урагшаа хөтлөх бус, арагш нь татах боллоо. Таван жилийн түүхтэй тус яамыг бараг л өмчлөөд авчихсан сайд Ч.Номингийн үг хэл, үйлдлүүдээс ингэж ойлгогдоно. Тодруулбал, тэрбээр татвар төлөгчдийн мөнгөөр аймгуудад кинотеатр барьж, хүүхэд, залууст үнэгүй кино, жүжиг үзэх ваучер тараах гэнэ. Өмнө нь уран бүтээлчдийн чөлөөтэй сэтгэх эрх чөлөөнд халдаж, бүтээлүүдийг нь Кино урлагийн зөвлөл гэх байгууллагаар дамжуулан цензурдэж байсныг бид мартаагүй. Түүнчлэн эрх баригч МАН-ын пиар, суртал ухуулгыг бүрэн хариуцаж, түүндээ мэргэжлийн урлагийн бүх байгууллагыг татан оруулдаг болчихсон гэх шүүмжлэл ч тасарсангүй. Уг нь Ч.Номин 1980-аад оныхны төлөөлөл, залуу хүн. Капиталист нийгэмд аав нь бизнесээ өргөжүүлэн, түүний үр шимийг гэр бүлээрээ хүртэн, амьдарч яваа. Бас барууны оронд боловсрол эзэмшсэн гэдэг биш бил үү. Тиймээс тэрбээр социализмаас хол, халамжийн сэтгэлгээнээс ангид, ардчиллын үнэт зүйл, өмчтэй байх эрх чөлөөг мэдэрсэн нэгэн байлтай.
“Соёл хүнийг бүх талаар төлөвшүүлдэг, нийгмийн онцгой үзэгдэл”, “Соёл нь хүний үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх хүрээг тодорхойлж өгдөг” зэрэг олон тодорхойлолт соёл судлалд бий. Тодруулбал, соёл хүний оюун санаанд хүчтэй нөлөөлж, хувь болон бие хүн төлөвших суурийг бүрдүүлдэг. Гэтэл оюун санаагаар нь дамжуулан бусдыг “эзлэх” хүчтэй салбарыг толгойлон сууж буй сайд социалист нийгмээ санагалзаад, түүний үзэл санааг нь төрийн бодлогоор олон нийтэд “суулгах”-ыг оролдох болсон нь сайны ёр биш. Түүгээр зогсохгүй эрх баригчид, шийдвэр гаргах түвшнийхэн ч түүнийг уухайлан дэмжээд байгаа нь харамсалтай.
Ваучер тараах нь хэн нэгний лобби юу
Соёлын үйлчилгээ үзүүлэх эрхийн бичиг хүүхдүүдэд тараах зорилгоор 18.3 тэрбум төгрөгийг ирэх оны улсын төсвийн төсөлд тусгасан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад байна. Иргэдээсээ авхуулаад төсөв хэлэлцэхэд оролцож буй УИХ-ын зарим гишүүн ч үүнийг эсэргүүцээд байхад сайд Ч.Номин ваучер тараахгүй л бол соёл урлаг сөнөчих юм шиг улайрах болов. Хамгийн эргэлзээтэй нь хэдэн хүүхдэд ямар журмаар юу үзэх эрхийн бичиг өгөхөө тодорхой болгоогүй байж төсвөөс мөнгө авахаар зүтгээд буй юм. УИХ-аас өнгөрсөн тавдугаар сард баталсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8.2-т “Үндэсний соёлын агуулгыг түгээх, таниулах болон соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнд соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг төрөөс үнэ төлбөргүй олгоно” гэсэн заалт “шургуулчхаад” л ийнхүү “дайраад” байгаа. Эсвэл хэн нэгний лоббигоор ийм хуулийн заалт тусгуулчхаад, тархи угаасан кино, контентоо хүүхдүүдэд шахах гэж байна уу.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа энэ талаар “Хэн дуртай нь хууль боловсруулаад, ямар нэгэн зүйл үнэгүй олгоно гэж бичдэг, түүнийгээ хэрэгжүүлнэ гэж төсөвт дарамт учруулдаг жишгийг энэ парламент халах ёстой. Хуульчлагдсан халамжийн бодлого явуулаад байна. Эрхийн бичиг үнэгүй олгох журам, зардлын хэмжээг Засгийн газраас нарийвчлан гаргах шаардлагатай байсан. Гэвч санхүүжилтийг нь нарийвчлан тооцоогүй, хэрэгжүүлэх журам нь ч алга. Тэгсэн атлаа төсөвт мөнгө тусгуулах гээд байна. Уг санаачилгыг нийгэм, эдийн засгийн үр нөлөө талаас нь харъя. Эдийн засгийн үр нөлөө мэдээж байхгүй. Нийгмийн үр нөлөө нь иргэд үнэгүй жүжиг, кино үзэх ач холбогдолтой бололтой. Уг нь бид халамжаас хөдөлмөрт шилжье, үргүй зардлаа хасъя гэж зорьж яваа. Үнэгүй эрхийн бичиг тараах үйл ажиллагаа энэ бодлоготой нийцэх юм уу. Ваучер тараахгүй байснаараа иргэд соёлгүй, боловсролгүй болчихгүй. Хүүхдийн эрүүл мэнд, боловсролын өчнөөн асуудал бий” гэж сануулсан юм.
Гэтэл Ч.Номин гол асуудлаа ойлгосонгүй, “Төсөв хэмнэх нь зөв байх өө. Гэхдээ бид үр хойч болсон өсвөр насныхнаасаа хэмнэх ёсгүй гэж бодож байна. Ер нь хүнийг хүн болгодог зүйл соёл л байдаг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Соёлын яамнаас 2023 оны арваннэгдүгээр сард 50 мянган хүүхдийг хамруулсан тандалт судалгаа хийхэд 94 хувь нь соёлын эрхийн бичиг хэрэгцээтэй гэсэн. Энэ халамж биш, харин хөрөнгө оруулалт” гэж “хадуурч”, өөрийгөө өмгөөлсөн байх юм. Бидэнд, ялангуяа хүүхдүүдэд жүжиг үзэх эрхийн бичгээс илүү хэрэгцээтэй зүйл олон байгааг олж харах ухаан эрхэм сайдад алга. Цаашлаад төсөв хэлэлцэж суугаа олон гишүүнд ийм сэтгэл байхгүй.
Эрчим хүчнийхээс их төсөв авна
Эрчим хүчний дутагдал, үнэ нэмэхтэй холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байна. “Үнийг нь нэмэхгүй л бол эрчим хүчний салбар сүйрлээ” гэсэн тархи угаалтаа ч эрх баригчид эрчимжүүлчихлээ. Гэвч үнэн хэрэгтээ дарга нар өнөө маргаашгүй гал алдах гэж буй эрчим хүчний салбараа соёлынхоос дор үзэж байна. Тухайлбал, ирэх онд соёлын салбарт 598 тэрбум төгрөг хуваарилжээ. Харин иргэдийн өдөр тутмын амьдралаас салгахын аргагүй эрчим хүчний салбарт үүнээс 283 тэрбумаар бага буюу 315.2 тэрбум төгрөгийн төсөв тавиад байгаа. Монголд цахилгаан, дулаан хэрэггүй, харин дуу, бүжиг илүү чухал гэж шийдвэр гаргагчид “хэлээд” буй хэрэг бус уу. Эсвэл яг аль нь бидний хоолойд тулсан асуудал юм бэ гэдгийг ойлгох ухаан тэдэнд байдаггүй гэж үү.
АНУ-ын сэтгэл судлаач эрдэмтэн Абрахам Маслоугийн хэрэгцээний таван шатлалын онол гэж бий. Товчоор “Маслоугийн пирамид” гэж нэрлэдэг уг онолоор бол хүний анхдагч хэрэгцээ нь физиологийн буюу амьсгалах, хооллох. Үүний дараа нь аюулгүй байдал буюу эрүүл мэнд, ажил, амьдралын таатай орчин бүрдэх хэрэгцээ ордог. Энэ хоёр шатлал пирамидын суурийг бүрдүүлнэ. Харин нийгмийн бусад хэрэгцээ болох танин мэдэх, бусдаар хүндлүүлэх, өөрийгөө нээх, хөгжүүлэх зэрэг нь дараагийн шатанд л яригдана. А.Маслоугийн үзсэнээр бол суурь хэрэгцээ хангагдсан тохиолдолд дараагийн шатных нь үүснэ. Гэтэл манай улсын хувьд эл пирамид уруугаа харчихсан байна. Үнэгүй ваучер тарааж, баясаж цэнгүүлэх замаар суурь асуудлуудыг нь мартагдуулах уу гэсэн хардлага эндээс төрнө.
Боловсролын салбар ч болоод байгаа юм биш
Завхан аймгийн 100 хүүхдийн багтаамжтай нэгэн цэцэрлэгт 300 орчим хүүхэд чихцэлдэн хүмүүжиж байна. Байр нь хүрэлцээгүй учраас нэмж 10 гэр бариад, хүүхдүүдээ хүлээн авчээ. Нэг гэрт 30 орчим хүүхэд хичээллэдэг гэнэ. Хүүхдүүдийг дааруулахгүйн тулд багш нар нь галаа түлдэг, модоо хөрөөддөг, түлээгээ хагалдаг. Эл нөхцөл байдлыг халахын тулд цэцэрлэгээ өргөтгөх зураг төсөв боловсруулаад, барих хөрөнгийг нь улсын төсөвт суулгуулахаар өнгөрсөн оноос хойш холбогдох байгууллагынханд нь хандсан боловч шийдүүлж чадаагүй. Ирэх оны төсөвт ч энэ цэцэрлэгийг барих хөрөнгийг тусгаагүй. Тийм атал ваучер тараахад зориулсан мөнгийг төсөвт багтаачихсан гэсэн үг. Энэ бол УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн дурдсан баримт. Бас манай улс Ч.Номингийн хэлсэн шиг хүүхдээ бодож, хайрладаггүй, харин ч тэднийг ер анхаардаггүйг нотлох жишээ нь юм. Хүүхдийн насны онцлогт тохирсон кино, жүжгийг эцэг, эх нь мөнгө төлөөд үзүүлчихнэ. Харин цэцэрлэгийг өргөтгөн, сурч боловсрох орчноор хангахад төр засаг жинхэнэ утгаараа анхаарах ёстой.
Бас нэгэн “гайхамшигтай” зүйлийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням хэлжээ. Боловсролын салбарын хөгжил “ханачихсан” учраас цаашид соёлдоо анхаарах тухай тэрбээр дурдсан байх юм. “Манай боловсролын салбар болоод байна. Харин хүнээр хүн хийх хүмүүжил, төлөвшилтэй холбоотой асуудлыг л бид орхигдуулсан. Тиймээс хүмүүжилтэй холбоотой ажлыг төсвөөс “унагаад” яах вэ” гэж Ч.Номингийн үнэгүй эрхийн бичиг тараах санаачилгыг дэмжжээ. Бодит байдалд манай боловсролын салбарын үнэн нүүр царай ямар байгааг өмнө дурдсан Завхан аймгийн жишээ нотолно. Бодлогын алдаанаас улбаалсан энэ мэт дампуурлын жишээ цаашид ч үргэлжилнэ.
Төсвийн мөнгөөр кинотеатр байгуулна
Ч.Номингийн хачирхалтай санаачилга үнэгүй эрхийн бичгээр дуусахгүй. Тэрбээр 5.4 тэрбум төгрөгөөр Ховд аймагт кинотеатр барих санаачилга гаргаж, түүнийгээ улсын төсвийн төсөлд суулгуулж чаджээ. Үүнийгээ тайлбарлахдаа “Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт адлаад байхаар зардал байхгүй. Орон нутагт ч гэсэн хүмүүс амьдардаг. Тэр хүмүүс ч гэсэн шинээр гарсан киног үзэж, соёлын олон төрлийг хүртэх эрхтэй” гэж “уянгалжээ”.
“Улаанбаатарт 60 гаруй кинотеатр бий” гэж Ч.Номин өөрөө хэлсэн байна билээ. Тэдгээрийн дотор улсын кинотеатр нэг ч үгүй. Социализмын үеийн кинотеатруудыг хувьчлаад, өдгөө зах зээлийнх нь зарчмаар хөгжүүлж байгаа. Гэтэл 2024 онд, нийгмийн шилжилт хийснээс хойш 34 жилийн дараа төр өөрийн хөрөнгөөр кинотеатр барьж, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх юм гэнэ. Аль ч талаас нь бодсон аймгуудад кинотеатр барих, иргэд түүгээр үйлчлүүлэх, эсэхийг Засгийн газар, сайд Ч.Номин тодорхойлохгүй. Харин зах зээл, эрэлт нь л тодорхойлох биш үү.
Тэгээд ч улсын төсвийн хөрөнгөөр соёлын салбарын олон янзын барилга, байгууламж барих нь татвар төлөгчдөд дарамт болохоос өөр “шидгүй”-г УИХ-ын гишүүн Б.Найдалаа онцолж байлаа. Тэрбээр төсөв хэлэлцэх үеэр “Ховд аймгийн Жаргалантад театр болон кинотеатр барих гэж байна. Нэлээд олон тэрбумын төсөвтэй. Өмнө нь байсан кинотеатруудаа хувьчлаад дуусчихсан шүү дээ. Гэтэл төр дахиад кинотеатр бариад эхлэх юм уу. Хэрэв тийм байсан юм бол яах гэж өмнөхөө хувьчилсан бэ. Ер нь цаашдаа соёлыг хөгжүүлэх нэрээр барилга бариад л байвал бид урсгал зардалд нь “живнэ”. Улсын төсөв дийлэхгүй болно” гэснийг анхаарууштай. Төсвийн хөрөнгөөр барьсан иймэрхүү барилга, байгууламжийн автор нь сонгуулийн өмнө хэн нэгэн нэр дэвшигч болчихсон, цээжээ дэлдээд ярьж явдгийг бид залхталаа л харсан биз дээ.
“Главлит”-ийг сэргээв
Социализмын үед Сайд нарын зөвлөлийн дэргэд Хэвлэл, утга зохиол хянах газар буюу “главлит” ажиллаж, бүх уран бүтээлд хатуу хяналт тавьж, хэвлэх, тоглуулах, олон нийтэд хүргэх, эсэхийг нь цензурдэж шийддэг байсан гэдэг. Тэрхүү “главлит”-ыг сайд Ч.Номин Кино урлагийн зөвлөл нэртэйгээр шинэчлэн байгуулж, уран бүтээлчдийг, уран бүтээлүүдийг цензурдэх болсныг бид өмнө нь мэдээлж байсан. Энэ зөвхөн ганц зөвлөлийн тухай асуудал биш. Соёлын яам, сайд Ч.Номингийн баримталж байгаа бодлого, зарчмаар бол цаашид зөвхөн уран бүтээлчдийн бус, та, бидний ч чөлөөтэй туурвих, сэтгэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг “тушчихаж” магадгүй л юм.
“Социализмын үеийн Соёлын яамаа сэргээхгүй л бол болохгүй нь” гэж эрх баригчид улиглан давтсаар 2020 онд үүнийгээ хэрэгжүүлсэн. Соёлын яам л байгуулчихвал бүх зүйл сайхан болчихно гэсэн нь зүүд байсан гэлтэй. Түүнийгээ шинэ нийгэм, цаг үеийн нөхцөл байдалд тохируулан ажиллуулах нь уу гэтэл харин яг тэр үеийн Соёлын яамаа “аваад ирчихсэн”-ийг одоо бид харж байна. Урагшилж хөгждөггүй, харин ухарч, социализмын үр тарьдаг, төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэдэг Соёлын яам, сайдын хэрэг манай улсад үнэндээ л алга.
М.Оч