''Sound Meditation Mongolia" нь урлагаар анагаах буюу хөгжмөөр дамжуулан нийгмийн эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилготой. Ая хөгөөр анагаах буюу хүний бие, сэтгэл, бодлыг тайвшруулах хөгжимт бясалгалын “Бүх хүртэхүйд” үйл ажиллагааг есдүгээр сарын 21-ний өдөр Чингис Хаан Үндэсний Музейд зохион байгуулна.
Хөгжимт бясалгал гэдэг нь ая дуу ашиглан хүний бие, сэтгэл, бодлыг тайвшруулан бясалгах focused awareness төрлийн бясалгал юм. Тус арга нь хүний биеийг амраах, бясалгах, өөрийгөө таньж мэдэхэд тусалдаг бөгөөд төрөл бүрийн эгшиг аялгууг гаргахад дуут аяга, гонг, салхин хонх, хэнгэрэг, хуур зэрэг олон төрлийн хөгжмийн зэмсгийг ашигладаг байна.
Дорнын анагаах ухаанд хэрэглэдэг хөгжимт бясалгалыг нийтийн эрүүл мэндийн томоохон асуудал болсон архаг стрессийг анагаах боломжтой хэмээн үздэг. Аж үйлдвэржилт болон хотжилтоос үүдэн стресс нь дэлхий нийтийг хамарсан асуудал болжээ. Архаг стресс нь даамжран зүрх судасны өвчин болон сэтгэцийн өвчин болох айх түгших, сэтгэл гутрал зэрэгт хүргэдэг байна.