“Бөгтөр хөх өвс”, “Зун гээсэн чөдөр”, “Хөх цэгцгий жиргэнэ”, “Гашуун амт, амтлаг үнэр”, “Хоёр үгтэй үг” зэрэг яруу найраг, хүүрнэл зохиол, орчуулгын номоо уншигчдын хүртээл болгосон яруу найрагч, орчуулагч Х.Нямхишигийн бүтээлүүдийг “Уран зохиол” буландаа онцолж байна. Урлаг, утга зохиолд шимтэгчид, мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид түүний зохиол бүтээлд өндөр үнэлгээ өгсөөр ирсэн бөгөөд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон чансаатай уран бүтээлчдийн нэг хэмээн үнэлдэг юм. Тэрбээр хамгийн сүүлд “Хөх цэгцгий жиргэнэ” яруу найргийн түүвэр, “Гашуун амт, амтлаг үнэр” өгүүллэг, туужийн түүврээ хэвлүүлсэн билээ.
НОМЫН САН ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
I
Хуучин номноо уруул хүргэн шившээд
Хуруугаараа тэмтэрч олсон гурван үг
Хувь заяагаа зөгнөхөд минь хангалттай учраас
Хуврагийн сүм,
бөөгийн урцнаа зорьсонгүй ээ, би.
Судрын гэрэлд зөнгөөрөө шамдах эрвээхийс
Суларсан үгсийг үсэг үсгээр нь зөөж
Эс мэдэгдэгч зүг рүү ниссээр байгаа
Энэ номын санд л зүрхээ үрнэм, би.
II
Зүйрлэхэд, номын сангийн хамгийн доод тавиур
шиг, биш ээ, бодол шиг, биш ээ,
Юу ч биш шиг ариун байдаг. Учир нь
Хүүхдийн гар тэнд бурхны гар шиг хүрдэг.
Дунд хавьцаах тавиур харин
Дурлал шиг, биш ээ, шунал шиг, биш ээ,
Юу ч биш шиг тоосгүй байдаг. Учир нь
Хүмүүсийн гар тэнд чөтгөрийн гар шиг хүрдэг.
Нотлоход, хамгийн дээд талын тавиур
Нойрсолт шиг, биш ээ, дурдатгал шиг, биш ээ,
Юу ч биш шиг мартагдмал байдаг. Учир нь
Хүний ч, бурхны ч, чөтгөрийн ч гар тэнд хүрдэггүй…
Жишээлэхэд, миний дотоод орон зай
Жирийн л тийм гурван тавиуртай!
III
Сүүлчийн бороо
Сүүдэр дээр минь орно.
Нойтон сүүдрээ чирсээр
Номын сан руу очно.
Нэгэн номноос,
энд тэндээс нь гурван өгүүлбэр олоод
Нэмэн, нэмэн эвлүүлэхэд гоё шүлэг болно.
Тэнд, өлгүүрт нь сүүдрээ мартаж орхиод
Тээнэгэлзэн алхахуй
Анхны цас…
Хөгшин ээж минь намайг дагуулаад
Хонинд явдаг байсан
Би хөл нь байсан
Хөгшин ээж минь намайг дагуулаад
Аргалд явдаг байсан
Би нүд нь байсан
Хөгшин ээж минь намайг дагуулаад
Усанд явдаг байсан
Би гар нь байсан
Хөгшин ээж минь намайг дагуулаад
Айл руу явдаг байсан
Би шүд нь байсан
Хөгшин ээж минь намайг дагуулалгүй
Ихээ хол явчихсан
Би залуу ээжийнхээ өгсөн
Ихээ гоё
Чихэрт хууртаад үлдчихсэн.
Аав загас барьдаг
Ээж загас шардаг
Би загас зардаг
Дүү загас зурдаг
Манайх загасчин айл
Нээрээ, би бурхныг
Алтан загас гэж төсөөлдөг
Нэг л өдөр түүнийг
Аав барьж ирнэ гэж мөрөөддөг
Манайх загасчин айл
...Явуулын жүжигчин тосгоны театраас гарч
Явганаар дэн буудлын зүг гэлдрэхэд
Ямбуу даавуун цамц нь дүрээсээ салж ядах нь
Яруу найрагч хүн роман бичих шиг уйтай
Цөөхөн байшин, цөөхөн хүмүүс, цөөхөн зүүд нь
Цөмөөрөө нийлээд нэгхэн тайзандаа багтах
Гуравхан үзэгдэлт жүжиг
Харин найруулагч нь
Гуугчаад байгаа энэ согтуу салхи юм
Жүжгийн дотор жүжиг тоглосон жүжигчин
Жүчээнээс морио гаргаж унаад одоход
Жүнз хийгээд лонхнууд, чулуут гудманд нь
Жүржийн хальс шиг хагарсаар л байх тосгон минь
Дэр моддын зүүдийг
Галт тэрэг хамж одно
Хамж одсон тэр зүүднүүдээ
Хаа нэгтээх танихгүй өртөөн дээр
Асгаж орхино
Галт тэрэгнээс асгарсан тэр зүүднүүд дунд би
Гараа халаасандаа хийгээд
Өөрийгөө тэмтрэн тэмтрэн
Зүүд байхаа болих сон гэж
Санааширч алхана
Хураалттай түлээн дээр суугаад чамтай хөөрөлдсөн
Хуурай, нойтон үгсийг хөрөөдөж байна, би
Завсар цагийн шамарга мэт хүмүүсийн жаварт
Жаахан жиндээд ээ, дулаацюу гэлээ, би
Халуун уруул, хүйтэн хөл
Хажуугаар минь унтахаар шурган орж ирсэн чи минь
Үдэш шиг, таагүй зүүд шиг, тайвшрал шиг...
Үүрээр мөргөлийн дуу, хуримын эхний дуу шиг
Зовлон ингэж эхэлдэг
Халуун хөл, хүйтэн уруул
Хажуугаас минь шурхийн босож одох чинийхээ
Гуалиг үнэрийг тэвэрч дураараа хэвтэх
... гурав, дөрөв, тавхан хором
Зовлон ингэж эхэлдэг
Хуучин цамцаа хэдрэхэд шинэвтэр болсон мэт
Хуурмаг сэтгэгдэл төрж, амьдраад л баймаар санагддаг
Зовлон ингэж эхэлдэг
Жавартай тэнгэрийн хаяа улаа бутарч
Жаахан наахна нь анчны түүдэг, хээрийн цай буй тухай
Жаргалтай хүсэл өдөөсөн ахуйг миний дотор зурна
Амьдран буй хотоосоо баруун тийш гараад
Алхчихвал ч ойрхон доо, морьдын хөлс, шатсан дарины үнэр
Нойтон бурааны утаа, оч үсрэх чимээ...
Номоор ч яах вэ дээ, хутга хуйлж аваад л алхчихвал ч...
Чийгтэй тохмын цан, өрөөлдсөн дээлийнилч
Чимээ чагнаархахад жирвэлзэх оддын хөдөлгөөн
Үнэгний уйлаан, шар шувууны хөхрөлдөөн
Үзгээр ч яах вэ дээ, шал дэмий эд юм
Жаргалтай, хүсэл өдөөсөн ахуйг миний дотор зурж
Жавартай тэнгэрийн хаяа улаа бутарна
Тув тунгалаг нүдний чинь хөвөөнд
Туйлдаж ядарсан аянч эр
Тамхиа нэрнэ
Тув тунгалаг нүдний чинь хөвөөнд
Аянч эр
Урц барьж, утаа гаргаад
Урт холын аяндаа цэг тавихаар
Үзгээ шүүрнэ
Тув тунгалаг нүдний чинь хөвөөнд
Нэгэн үлгэр жаргаж
Нэгэн үлгэр эхэлнэ
Тув тунгалаг нүдний чинь хөвөөнд
Аянч эр
Уйт дүрсээ намрын навчис шиг хийсгэж
Улмаар инээд, нулимс хоёрт дөхнө
Тув тунгалаг нүдний чинь хөвөөнд
Тухалсан аянч эр
Тамхиа нэрнэ
Харман уулын шатаар уруудах
амархан, өгсөх хэцүү
Тэр уулын оройд гэр минь байдаг
Тэртээх бэлд интоорын цэцэрлэг байдаг
Жимс түүх сайхан, харих хэцүү
Хэц шатны хоёр үзүүр шиг
Хэтэрхий хол зайтай
Амьдрал хийгээд яруу найраг
Тэрлэгийнхнь даавуун товч
Тэнгэрийн салхинд сэмрээд л буй,
Тэгтлээ хүүгээ санаад л буй
Ээж минь дээ,
Явуулын хүнээр хүү нь
Саяны номоо дайсангүй ээ
Яруу найраг л гэнэ
Сайхан нь тэнд байсангүй ээ
Ийм тунгалаг ээжийн
Уруйн ус шиг хүү
Ивлэж урссанаасаа хойно
Угаадас дайрсан хүү
Сүүнээс үүссэн бүхнээ
Ээдүүлж орхисон хүү
Сүмийн үүдэнд суугаад
Гэмшиж байна аа, хөөрхий
Ээж минь та яах вэ дээ
Эхлэлийг минь хайрлаж байгаа
Голт зүрхнээс тань эхэлсэн
Гоё сайхныг минь харж байгаа
Булингартай замаа хүү нь
Буцааж одоохон эвхээд
Бугатын уулан дахь тандаа
Тунгалаг болж очъё доо.
Бялзуухай дэрсний үзүүрт суухаараа
улам гоё жиргэнэ
Бяцхан гунигтайдаа тэр хөвүүн
улам гоё зурна
Бямба хийгээд ням гаргийн завсарт,
лонх шиг хүмүүсийн согтууд
Бялуу мөрөөдөгч тэр хөвүүн улам гоё зурна
“Ля ля орчлон чинь урлаг юм шүү дээ” гэж
Лянхуан дээр завилсан эм бурхан
түүнд хэлжээ.
Лаанаас өөр гэрэлгүй,
харандаанаас өөр бийргүй ч
Лавтайяа тэр хөвүүнд бэх шиг нулимс,
бийр шиг сэтгэл заяажээ.
Яруу найраг гэж чухам яг юуг хэлдгийг би сайн мэдэхгүй
Мэдэхгүй хэрнээ яруу найраг бичих сэн гэж хичээдэг
Хичээхдээ бичье гэж бичдэггүй, бичихгүй байж чаддаггүй юм аа
Шүлгийг би хэн нэгэн хүнд, аль нэгэн уул овоо, гол усанд,
Ямар нэгэн цаг үе, үйл явдалд, ялангуяа алга ташилтад зориулж
Тэдгээрийн эрхшээл, таашаалд нийцүүлэх гэж бичдэггүй
Гагцхүү өөртөө л бичдэг
Гэсэн ч хэнд ч, юунд ч эс зориулсан шүлгүүд маань
Мөн чанартаа бүхий л орон зай хийгээд цаг хугацаанд зориулагддаг
Давхар, давхар төмөр хаалга
Дан чулуун хананы цаана
Харанхуй бид хоёр суудаг
Хэзээ ч энд хоригдсон юм бүү мэд
Намайг ирэхэд л байсан
Харанхуйгаас би жийрхэж, эмээж, жигшиж
Харин, одоо бол дассан
Яая ч гэх вэ дээ, хэн хэндээ уусаж
Янаг нь болсоон...
Чанх дээр үл мэдэгхэн гэгээвч байдаг
Чагтага шиг нарийхан гэгээ тэндээс буудаг
Тэр гэгээнээс, харанхуй бид хоёр
Тэврэлдээтэй чигтээ, боомилж үхэхээр шийдсэн