Цахим ертөнцөд 40 гаруй сая дагагчтай Nas Daily ирэх сард Монгол Улсад ирэх гэж буйгаа өөрийн цахим хуудаснуудаар дамжуулан мэдэгдлээ. Араб-Израиль гаралтай, 31 настай, контент бүтээгч түүний бүтэн нэр нь Нусейр Ясин. Тэрбээр анх дэлхийн улсууд руу аялж, тухайн улсын онцлог зүйлсийг нэг минутад багтаан харуулдаг бичлэгээрээ алдаршжээ. Тухайн үед бичлэгээ Юүтүб хуудсанд оруулдаггүй, зөвхөн Фейсбүүкээр дамжуулан хүргэдэг юм. Түүний бичлэгүүд олон хүнд хүрч, хоёр жилийн дотор 10 сая дагагчтай болсон юм. Тэрбээр мянган ширхэг нэг минутын бичлэг хийсэн бөгөөд 2019 оноос бичлэгүүдийн хэмжээг уртасган нийтэлж байна. Одоогоор түүний багийнхан дэлхийн онцгой газар, хүмүүсийг онцолсон бичлэг хийхийг зорьж байгаа юм. Нусейр Ясины хувьд зөвхөн бичлэгт хязгаарлагдалгүй подкаст, видео компани, цахим сургалт зэрэг олон салбарт тэлж, ажиллаж байна. Мөн 2019 онд HarperCollins-тай хамтран “60 секундэд дэлхий дахинаар” хэмээх номоо гаргажээ. Нусейр Ясин бичлэг болон уулзалтуудын үеэр ихэвчлэн ижил төрлийн подволк өмсдөг нь түүний өөрийгөө таниулах нэг брэнд болжээ. Nas Daily-ийн багийнхан ирэх сарын 19-нд Монголд ирмэгцээ “Nas Summit” арга хэмжээгээ зохион байгуулна. Тус арга хэмжээнд түүний багийнхнаас гадна Юүтүбд олон сая дагагчтай бусад контент бүтээгчид оролцож, туршлагаасаа хувцаалцана.