Монгол Улсын ДНБ-ий 74 хувийг бүрдүүлж, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхний шилдгүүд өнгөрсөн долоо хоногт тодров. Манайд төдийгүй олон улсад тодорхойгүй байдал үүсгэж, бүхий л салбарт, тэр дундаа эдийн засгийн томоохон сорилт дагуулсан “цар тахлын” гэгдэх хэдэн жилийн дараа тэд хийсэн, бүтээснээ үнэлж, дүгнэсэн нь энэ.
2020 оны гуравдугаар сарын 11-нд ДЭМБ-аас “Ковид-19” хэмээх цар тахал дэгдсэнийг олон улсад зарласнаас хойш гурван жилийн дараа буюу өнгөрсөн сарын 5-нд тус байгууллага хязгаарлалтыг албан ёсоор цуцалсан. Энэ хугацаанд манай экспорт эрс бууран, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, эдийн засаг -4.7, улсын төсөв 23 хувиар тасарч, олон мянган ажлын байр эрсдэлд орсон ч өнгөрсөн оны хоёрдугаар сарын 14-нд цар тахлын хязгаарлалтаа Монгол Улс бүс нутагтаа хамгийн түрүүнд цуцалж чадсан билээ. Харин өдгөө Үндэсний статистикийн хорооноос зарласнаар эдийн засаг энэ оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.долларт хүрэн, улсын төсөв 1.1 их наяд төгрөгөөр даван биелж, валютын ханш тогтворжин, төлбөрийн тэнцэл эерэг гарч, экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрээд байна.
Бид нэг жил гурван сарын өмнө түрүүлж хаалгаа нээж чадсаны үр дүнг ийнхүү эхнээс нь харж байгаа ч ОХУ-ын өдүүлсэн дайны уршгийг амсаж, мэдэрсэн хэвээрээ. Инфляц 11.3 хувьтай буюу хоёр оронтой тооноос буухгүй байгаагаас шалтгаалж үнийн өсөлт бид бүгдийн дарамт болов. Жишээ нь, “Сант марал” сангийн “Улс төрийн барометр” ээлжит, шинэ судалгааны дүнгээс харвал манайд тулгамдсан асуудлуудын нэгдүгээрт үнийн өсөлтийг нэрлэсэн байна. Уг нь 30 орчим жил тасралтгүй явуулж буй тус судалгаагаар Монголын тулгамдсан асуудлын нэгдүгээрт ажилгүйдэл бичигдэж ирсэн байдаг. Өнөөгийн үнийн өсөлт зөвхөн манай асуудал биш, дэлхий даяараа үүнийг хэрхэн даван туулах вэ гэдгийг ярьж, жагсаж буй. Үүний эсрэг, үнийн өсөлтийг бууруулахад үндэсний шилдэг аж ахуйн нэгжүүд хувь нэмрээ оруулахыг Засгийн газрын тэргүүн уриалсан юм. Энэ бэрхшээлийг хамтдаа туулж чадвал сэргэж буй эдийн засгийн өгөөжийг иргэн, аж ахуйн нэгжийн аль аль нь хүртэх боломж нээгдэнэ.
Ингэхдээ Засгийн газрын зүгээс хийх зүйлээ ч Ерөнхий сайд тодорхой нэрлэв. Тэр нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийн албанд бугласан авлигын “голомт”-ыг тасалж, бизнесийн жам ёсны чөлөөт өрсөлдөөн, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин, олон улсын итгэлцлийг бий болгох ажил. Авлигын эсрэг эл тэмцлийг хэдийн эхлүүлсэн бөгөөд тэдгээрийн нэг нь Засгаас газраас УИХ-д өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Үүнийг энэ сарын эхээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг дуусгасны дараа үүнийг хэлэлцэх бөгөөд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглох юм. Өөрөөр хэлбэл, төрөөс тэрбумтнуудыг “төрүүлдэг” тэрхүү орон зай хувийн хэвшлийнхний чөлөөт өрсөлдөөний талбар болж үлдэнэ гэсэн үг.
Дээр дурдсан албан тушаалтнаас гадна УИХ-д суудал бүхий намын дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор болон Төрийн албаны зөвлөл, Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, АТГ, ТЕГ, ЦЕГ, ГЕГ, ОБЕГ, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, УБЕГ, НДЕГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, ИНЕГ, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг парламент болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд мөн хамаатай. Тус төслийг Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахдаа “Энэ хуулийг баталснаар улс төр, бизнесийн хэт хамаарлыг арилгаж, төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх ёс зүйн заагийн эхлэл цэг болох юм. Цаашид төрийн албыг төрлийн алба болгохоос урьдчилан сэргийлж, төрийн өмч, ажиллах хүчийг хувийн хэвшилд шилжүүлнэ” хэмээн мэдэгдсэнийг сануулъя.
Бэлтгэсэн: У.Наран